МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Экс ерөнхийлөгчийг барьж хорьсоныг Д.Бямбасүрэн гуай авилгатай тэмцсэн гэхээсээ илүү улс төрийн өс хонзон, хувийн тооцоондоо хөтлөгдлөө хэмээн дүгнэж сууна. Бид түүнтэй ирэх сонгуулийн өнгө төрхийн талаар ч дэлгэрэнгүй ярилцлаа.
-Экс ерөнхийлөгчийг баривчилсантай холбоотой элдэв тайлбар хаа сайгүй хөвөрч байна. Нийгмийг шуугиулсан энэ асуудлаар таны байр суурийг сонсмоор байна?
-Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилж дуулиан тарилаа. Холбогдох газрууд хүчний байгууллагууд үүнийг авилгын эсрэг тэмцэж байгаа арга хэмжээ гэж ухуулж байгаа боловч үнэн чанартаа энэ бол улс төрийн өс хонзон, хувийн тооцоонд үндэслэж барьжээ гэдэг нь улам бүр л ил болж байна. Н.Энхбаяр гэдэг хүнийг авилгад өртсөн гэдэг утгаар баривчиллаа гэж зарлачихаад дараа нь намынхныг цагдаа, шүүхэд дуудаж, намынх нь эсрэг улайрсан суртал ухуулга явж байгаагаас харахад одоогийн төр засгийн эрх барьж буй МАН-ынхан ирэх сонгуулиар саналаа хуваах болох нь, хоёрт Н.Энхбаяр гэдэг хүн сонгуульд орох юм бол зайлшгүй гарч ирэх нь гэж их л сандарч байгаагийн шинж л дээ.
Нөгөө талаас нь бодоход авилгын хэрэг Монголчуудын хамгийн их зэвүүцлийг төрүүлж байгаа нь үнэн. Газар шороо, уул усаа хүртэл худалдахад хүрсэн байдлыг хүн бүхэн жигшдэг. Хэдийгээр энэ арга хэмжээ нь авилгын эсрэг хүчтэй тэмцэж байгаа дүр эсгэж байгаа боловч үнэн чанартаа авилгын эсрэг тэмцлийн нэр төрийг гутааж, харин ч энэ нь хүчирхийлэл болох юм гэсэн ойлголт олон түмэнд төрүүлэх оролдлого юм уу даа гэж дотроо харж байгаа.
Авилгын эсрэг тэмцэхэд учир бий. Авилгын хэрэг олон янз. Зарим нь албан тушаалаа ашиглаж өөртөө ашигтай шийдвэр гаргасан байж болно, зарим нь улс эх орныхоо эрх ашгийг худалдаж, ард иргэдээ хохироосон байж болно. Тэгэхээр энэ хэргийг хаанаас нь эхэлж шийдэх вэ гэдэг нь хүртэл өөрөө жам ёсны зүй тогтолтой байх ёстой. Газар нутаг, уул уурхайн баялагаа худалдсан томоохон асуудлуудыг барьж авахын оронд ерөнхийлөгч байсан хүнтэй ноцолдвол биднийг их юм хийж байна гэж хүмүүс ойлгоно гэсэн маягаар хандаж байна. Ингэж болохгүй болов уу.
-Н.Энхбаярыг баривчилсан үйл ажиллагааг та тухайн үед нь телевизээр харсан уу? Хүч түрэмгийлэл ямар сэтгэгдэл үлдээв?
-Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг баривчилсан үйл ажиллагаа нь балмад, түрэмгий, хэрцгий хэлбэртэй байлаа. 2008 оны долоодугаар сарын 1-нд Монголын цагдаа өөрийгөө их арчаагүй гэдгээ харуулсан. Нэг хүнийг баривчлахын төлөө хэдэн зуун хүнийг хөдөлгөж, ерөнхийлөгч байсан хүнийхээ ч хаалга үүдийг эвдэлж, хажуугийн айлын ч хаалга үүдийг эвдчихлээ. Энэ юуг харуулж байна гэхээр сонгууль будлиантай болох нь тодорхой боллоо. Тэгэхээр сонгуулийн дараа олон түмэн дургүйцлээ ипэрхийлбэл иймэрхүү маягаар харгис хандана шүү гэдгээ харуулж олон түмнийхээ зүрхийг үхүүлж айлгаж сүрдүүлж байгаа арга хэмжээ боллоо гэж харж байна.
-АТГ байгууллагдсанаас хойш дандаа л жижиг жараахайтай ноцолдсон. Одоо л ажиллаж эхэлж байгаа юм биш үү?
-Энэ бол олон түмнээ доромжилж тавлаж байгаа л хэрэг л дээ. Жинхэнэ Монгол орноо худалдсан наймаачид бол одоо төрд алба хашиж байгаа. Эднээсээ эхлэх нь яасан юм. Газраа худалдсан, орд газрын лиценз худалдсан хүмүүс, гадаадынхантай сүлбэлдэж Монголынхоо ард түмнийг шулж байгаа улсуудаа эхэлж барьсан бол хэрэгтэй байсан байх. Ганцхан жишээ дурдахад дархан цаазтай Богд уулын Зайсангийн аманд байсан айлуудыг хэдэн ч удаа нүүлгэв дээ.
Шалтгаан нь дархан цаазтай газрын хил дотор хүн амьдарч болохгүй гээд нүүлгээд байсан. Хамгийн сүүлд тэнд амьдарч байсан хүмүүсийг хамгаалалтын албаныхан очиж шонд хүлж байгаад уйлуулж дуулуулаад хөөсөн. Эрх мэдэлтэнүүд, намын дарга нар, УИХ-ын гишүүд өнөөдөр тэнд өндөр үнэтэй байшин захиалж бариулаад өөрсдөө ороод суучихсан байна. Тэд дархан цаазтай газар барилга барьж болохгүй гэдгийг мэдэхийн цаагуур мэднэ. Өөрсдөө захиалж барилга бариулаад орогнож сууснаараа авилга өгсөн, авсны аль алинд нь холбогдох улсууд.
Ийм асуудлыг сөхөж тавьсан бол олон түмэн өөрөөр хүлээж авах байсан байх. Хэвлэх үйлдвэрийн байшин ч гэнэ үү, телевиз ч гэнэ үү жижиг асуудлаар яриад шуугиад байгаа. Жинхэнэ том авилгачид бол төрийнхөө эрх мэдлийг ашиглаад авлигаараа хичээллэсээр л байгаа шүү дээ
-Та бол Н.Энхбаярыг жинхэнэ том авилгач биш гэж байна уу?
-Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн нэг их том авилгач байж чадахгүй биз дээ гэж бодож байна.
-Хэлмэгдүүлэлтийн машин эргэж эхэлсэн гэж ярьж байна. Таван толгой, Оюутолгойн асуудлыг сөхвөл юу гарах бол ч гэж байгаа?
-Тэр бол ойлгомжтой асуудал. Баялгийн хамгийн том цөм нь Оюутолгой, Тавантолгой хоёр байна. Тавантолгойг гадна дотныхон, эрх мэдэлтнүүд нь тав хуваагаад авчихлаа. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй байгуулсныг бүгд л мэдэж байгаа. Энэ бол авлигын асуудал. Гэхдээ харгислалын машин ажиллаад эхэллээ гэдгийг зөв ойлгох хэрэгтэй байх. Сая баривчилгаа явуулж буй хүмүүсийг харахад 1937 оны үеийн ногоон малгайтууд нэг иймэрхүү байсан болов уу гэж эрхгүй бодогдож байна лээ. Тэр хаалга үүд эвдэлж байгаа, баривчлаад дамжилж яваа улсууд нь онгирсон, хөөрсөн, ерөнхийлөгч Н.Энхбаярыгаа ч танихгүй, айлын хаалга эвдчихээд өвгөнийг нь чирээд гаргаад ирж байгааг нь бодоход тэд лав ухаан алдчихсан улсууд явж байх шиг байна лээ.
-Энэ байдлыг юунаас эхтэй гэж та харж байна?
-Сүүлийн 22 жилийн 18 жилд төр барьсан хуучнаар МАХН одоогийн МАН-тай холбоотой асуудал. Эдний дотроос Н.Энхбаяр шинэ нам байгуулаад гараад явчихлаа, сонгуульд амжилттай оролцох нь, ойролцоо рейтингтэй болчихлоо, энэ үед багтарч ядахдаа юу ч хийхээс буцахгүй байна л даа. Ийм болохоор ардчиллын дансан дээр бичихээсээ илүү харин ардчиллын нэрийн дор хуучин үзэл дээрээ хуучин аргаараа төр барьж байгаа улс төрийн хүчинтэй холбовол илүү онох байх. Хуучин МАХН хоёр саллаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гол цөмөө МАН гэдэг нэртэйгээр аваад үлдлээ. Энэ бол ямар ч ардын нам биш.
-Нэлээд хэдэн жилийн өмнө та МАХН буюу коммунистууд тарж бутрах нь монголын ардчилалд тустай гэж байсан санагдана. Одоо тэр цаг ирсэн гэж үзэж байна уу?
-1920 онд Ардын нам байгуулагдаж байхдаа Монголын ард түмний хүсэл зоргыг нэгтгээд Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолыг олохын төлөө Монголчууд нэг дээвэр дор нэгдэж амьдрахын төлөө байгуулагдсан. Эрмэлзэх арван зүйлээ зарлаж байсан. Одоо Ардын нам гэж нэрлэж байгаа улс төрийн хүчин бол хөрөнгөжсөн шинэ коммунистууд. Харамсалтай нь эдэнд үзэл байхгүй. Баяжихаас өөр үзэл байхгүй. Байсан бол одоо ард түмэндээ зарлана биздээ. Ардчилсан социализмын үзлийг баримтална гээд цаасан бичиж байгаа. Ардчилсан социализмын үзэл гэдэг бол гурван үндэстэй байдаг. Нэгдүгээрт католик ёс. Тэр нь Монголд байхгүй. Хоёрдахь нь марксизм. Далан жил тэрэнтэйгээ ноцолдоод бид нар орхисон.
Гуравдахь нь либерализм. Эд нар ямар үзэл баримталж байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй байгаа. Үзэлгүй улс төрийн хүчин бол мөнгөнд хөтлөгддөг. Апбан тушаалын амтанд шунаж явдаг. Үүгээрээ л явж байна. Нөгөө талаас хуучин МАХН хоёр задарсанаараа дотроо ширүүн тэмцэлдэж одоогийн байгаа байдлаар ардчилсан хүчин, ардчилсан үзэлд илүү орон зай тавьж өгч байна. Одоо бол улстөрийн тавцан дээр гуравдагч хүчин гарч ирэх илүү боломжтой болж гэж ойлгож байгаа. Түүх эргэж буцдаггүй. Тэр коммунист үзэлтэй улс төрийн хүчин нийгмийг удирдаж байсан үе нэгэнт өнгөрчээ. Тэр үед нь коммунист үзлийг нь тээж явсан улс төрийн хүчин өөрчлөгдөж чаддаггүй юм байна. Эд нар өөрсдеө мөхдөг юм гэдгийг харж сууна.
-Н.Энхбаярын баривчилгааг ганц хүн мэдээгүй байсан нь ХЗДХ-гийн сайд нь. Ийм байж болох уу?
-Өөрөө мэдээгүй гэж хариулсан байна лээ. Тэр хүн мэдэхийн сайнаар мэдэж байгаа л даа. Баривчилгааны урьд талд нь Н.Энхбаяр, Ц.Нямдорж гэдэг хоёр хүний маргаан нэлээд хурц үедээ орчихсон байсан. Тийм болохоор үүний цаад талд хувийн өс хонзон байна гэдгийг нотолж байгаа хэрэг. Түүнээс биш сайд нь цагдаагийнхаа юу хийж байгааг мэдэхгүй байна гэж юу байхав. Ер нь энэ сайдын явуулж байгаа бодлого хэлж байгаа үгийг харахад амрах цаг нь болсон юм биш үү.
Хүн янз бүрийн алба хашиж болно. Гэхдээ өөрийнхөө хязгаарыг ойлгодог байх хэрэгтэй. Энэ хүн залуу үеийнхэнтэйгээ ч таарахаа болилоо, ойртсон хавьтсан бүх хүн рүү үсчээд эхэлдэг боллоо. Өөрийнх нь нэртэй холбоотой авлигын асуудал, элдэв өнгийн юм нэлээд яригдлаа. Ийм үед энэ хүн буруутай ч байсан үгүй ч байсан "Үнэнийг олуулъя, төрийнхөө нэрийг би хайрлаж хамгаалж байна, албан тушаалаа өгөөд шалгуулъя" л гэж хэлэх ёстой. Хүн өөрөө өөрийгөө хянаж, төрийнхөө сүлдийг бодож, тэр албыг өгч чаддаг байх нь хамгийн чухал.
Манайд их мундаг тэмцэгч хүн болох гээд албан тушаалтайгаа зууралдаад, эсвэл би тийм албан тушаалд очно гээд гүйж явдаг. Энэ бол түүхэн талаасаа эмгэнэлтэй үзэгдэл.
-Албан тушаалын хойноос үхэн хатан яваа хүнийг хараад та юу боддог вэ?
-МАН-ынхан сая зургаан сайдаа ямар хүмүүсийг томилсоныг Монголчууд бүгдээрээ харлаа. Араас нь хэдэн дэд сайдуудыг томиллоо. Яамны мэргэжилтэн хийж үзээгүй хүн сайд болно гэхэд мөн хэцүү еэ дээ. Сайдын ширээнд заларчихаад юу ч хийж суудаг юм тэд. Албан тушаалын мөрөөдөл, мөнгө хоёроор л өөд гарлаа. Энэ бол өөрт нь ч хэрэггүй, төр түмэнд ч хэрэггүй юм. Ер нь манай Монгол төрийн сургаальд "Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд" гэж Арван буянт номын цагаан түүхэнд бичээстэй байдаг. Тэр бол Монголын анхны үндсэн хууль юм шүү дээ.
-УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байна. Гэтэл сонгуулийн хууль нь ч бэлэн болоогүй байдаг?
-Сонгуулийн хуулийн асуудал сүүлийн 10 гаруй жил яригдлаа. 1996 оноос хойш л сонгуулийн хуультайгаа ноцолдож байна. Сонгуулийн хууль маань нэг л болж өгөхгүй байна. Учир нь УИХ-д орсон хэд нь өөрсдөө эргэж сонгогдох нүхээ ухах гээд л хөдөлж ядсаар байгаад л дараагийн сонгуультай тулаад, түргэн түүхий юм хийгээд тэрнийхээ ч учрыг гүйцэд олохгүйгээр сонгуульд ордог замаас л орчихлоо. Уг нь энэ удаа сонгуулийн хуулийг нэлээд ахицтай өөрчлөлт хийж болохоор байсан.
Гэтэл пропорционал суудлынхаа хувийн жинг багаар аваад сүүлд нь мажоритораар орсон хүмүүс нь гарч чадахгүй бол намын жагсаалт руу гулсах ийм боломж хийснээрээ бөөн будпиан тарьчихлаа. Энийг хууль бус гэж үзсэн цэцийн шийдвэрийг би зөв гэж боддог. Гагцхүү хугацаа тулгаж хуулиа батлан цэцэд тулгах ов заль хэрэглэсэн УИХ өөрөө буруутай. Мэхт мэхэндээ л гэгч болж байгаа юм. Одоо сонгууль дөхөж байхад сонгуулийн хууль нь гараагүй байдаг.
Уг нь хуулиараа 6 сарын өмнө хөндөж болохгүй гэсэн заалттай. Нэгэнт цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юм байдаггүй гэж ярьдаг болохоор гулсуулах заалтыг хасахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Одоогийн байдлаар цэц УИХ-ын хооронд тодорхой зөрчил үүсээд байна. Гэхдээ цэцийнхээ талд шийдэхээс өөр замгүй байх. Орон нутгийн сонгуулийн хувьд нэг дор сонгуулиа явуулна гээд УИХ өөрөө шийдвэрээ гаргачихсан. Шийдвэрээ өөрсдөө биелүүлэх хэрэгтэй шүү дээ. Хоёр тусдаа хийнэ гэдэг бол дахиад л олон түмний санаа бодлоор тоглох л оролдлого.
-Уул уурхайн асуудал олны анхааралд байна. Саусгоби сэндс хувьцаагаа Чалькод зарчихлаа. Энэ ер нь юу болж байна аа?
-Чалькод бол зараагүй. Зарахаар тохиролцоод Фрийдландынхан гэрээ хийгээд бусад хувьцаа эзэмшигчдээс 35 хоногийн дотор саналыг нь цуглуулах ёстой л доо. Одоо тэр санал авах шатандаа яваа юм. Одоо 20-иод хоногийн зай байна. Одоо УИХ-ынхан ашигт малтмалын тухай хуулиндаа нэмэлт оруулаад тэр хувьцааг Засгийн газрынхан нь зөвшөөрөлгүй худалдахыг хориглож чадвал энэ асуудал эргэнэ. Хэрэв чадахгүй бол хэд хэдэн ноцтой асуудал гарна. Монголын нүүрсний экспорт Хятадыг чиглэж байгаа.
500 сая тоннын нөөцтэй уурхайг Хятадын төрийн өмчит компани авсан нөхцөлд Монголын нүүрсний үнэ тогтоолт зах зээлийн коннектурууд бүгд Хятадын талаас шийдэгдэх болно. Энэ бол ойлгомжтой асуудал. Нөгөө талаас Оюутолгой Хятад руу бүтээгдэхүүнээ гаргана, Тавантолгой гаргана, тэгээд Саусгоби сэндс гаргана. Ингээд ирэхээр Өмнөговь бол эдийн засгийн болоод дэд бүтцийн хувьд Монголоосоо тасрах байдал руу аяндаа очно.
Үүнийг Үндэсний аюулгүй байдлын талаас маш нухацтай бодохгүй бол болохгүй. Ийм байдалд хүрэхэд Монголын төр засаг өөрөө оролцсон нь хамгийн эмгэнэлтэй байгаа юм. "Финишнл Таймс" дээр бичсэнээр бол Монголын засгийн газар дургүйцэхгүй гэж мэдэгдлээ гэж байна лээ. Хэн гэдэг хүн тэгж мэдэгдсэн юм. Үүнийг хариуцаж байгаа сайд, ерөнхий сайд, ашигт малтмалын газрын дарга нь юу хийж байсан юм. Энэ гурван хүн ард түмэндээ тодорхой үгээ хэлж, ажил хариуцах эсэхээ нэг тодруулах шаардлагатай.
-АМХЭГ-ын дарга асан Д.Батхуяг ийм асуудал босч ирнэ гэдгийг мэдээд хуулийн төсөл хүртэл өргөж бариад хүч хүрээгүйгээ ярьж байсан?
-Тэр хүнийг би таних ч үгүй, мэдэх ч үгүй юм. Урт нэртэй хуультай холбоотой асуудлаар үгийг нь хэдэн удаа сонссон. Төрийн дээд байгууллага нь хууль гаргачихаад байхад 192 лиценз өгсөн хүн шүү дээ. Тэр ойн мод, голын эх, сав газрын хил тогтоогүй байсан гэдгээр л өөрийгөө хаацайлж байна лээ. Шалтаг олохдоо их сайн хүн байна лээ. 192 лицензийн ард авилга ч байсан юм уу юу ч байсан юм билээ. Тэрийг одоо хэлэхэд хэцүү. Шалгаж байж л тогтоох асуудал. Тиймээс тэр хүнийг зайлшгүй шалгах ёстой.
Тэр тусмаа Овоот толгойн орд газрыг Хятадын төрийн өмчид худалдах асуудлыг Монголын Засгийн газрын эрх мэдэлтнүүдээс хэн нь зөвшөөрсөн юм бэ гэдгийг зайлшгүй олох ёстой. Тэгж байж энэ асуудал зөв шийдлээ олно. Тэгэхгүй бол хоёр орны харилцаанд сүүдэр туссан асуудал болоод хоцорч магадгүй.
-Ирэх сонгууль дуулиан шуугиан ихтэй болох нь одооноос харагдаж байна. Сонгуулийн үр дүн ер нь хаашаа эргэх бол?
-Сонгуулийн үед улстөр идэвхиждэг гэдэг нэг ойлголт бий. Төрөө байгуулж байгаа ард түмэн идэвхижих нь ч зөв байх. Гэтэл сүүлийн үеийн сонгууль маань мөнгө тараах, авилга өгөх, молиго үмхүүлэх том компанит ажлууд боллоо. Энэ жилийн сонгуулийн хувьд улс төрийн хүчин урьдынхтайгаа адил баахан мөнгө амлаж олон түмнийг молигдож чадахгүй байх. Харин ч түрүүчийн сонгуулиар амлаад биелүүлээгүй амлалтыг нь сонгогчид нэлээд хатуу шаардах болов уу. Шаардах нь ч зөв. Биелүүлээгүй амлалтын төлөө хариуцлага хүлээлгэх нь зөв.
Тэднийг дахин сонгох хэрэггүй. Нэг талаас одоогийн УИХ-д байгаа хүмүүс, эрх баригчид дахиж сонгогдохын тулд, МАН нь дахиж төрийн эрх барихын тулд юу ч хийхээс буцахгүй байдал харагдаж л байна. Сонгууль будлиантай болох байхаа. Одоо бэлтгэлээ хангаагүй, иргэний үнэмлэхээ тарааж чадсангүй. Санал тоолох машин нь бэлэн ч юм уу үгүй ч юм уу. Сонгууль ч яахав будлиад өнгөрөх биз. Харин иргэд сонгогчдын талаас бодоход ер нь жаахан эрүүл нүдээр юмыг харах хандлага байна уу даа гэж бодогдож байгаа.
Тийм болохоор бас ч гэж амлалтанд ханараад байхгүй байх. Ханарвал үр дагаварыг нь өөрсдөө амсдаг юм байна гэдгийг ойлголоо шүү дээ. Мөнгө тараасан хүмүүс эргүүлээд Монголоо худалдаж, өөрсдийг чинь зээлийн барьцаанд тавьчихаад өөрийн тань саналыг худалдаж авдаг юм байна гэдгийг бид харлаа. Тийм болохоор хүмүүс ухаантай хандах байх. Байдлыг харах юм бол аль ч улс төрийн нам дангаар гарч ирэхгүй болов уу. Дараа нь ерөнхийдөө ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүд нь нэг, тэгээд социалист баримжаатай зүүний улс төрийн хүчнүүд нь нийлж бүлэглэсэн хойноо аль олонхи болсон нь төр барих тал руугаа очих байх.
-2008 оных уу, эсвэл 2004 оны сонгуулийн үр дүнтэй төстэй юу?
-2008 оны гэхээсээ илүү 2004 онтой илүү ойролцоо ч байж магадгүй. Хуучин МАХН гэж байсан одоо хоёр хуваагдсан намын хэн нь ч дангаараа олонхи болох боломж байхгүй л дээ. Гэхдээ энэ хоёр хоорондоо ч холбоотон болох боломж сул байх болов уу. Ийм харгислал явуулж байхад эд эргэж нийлнэ гэдэг бол үгүй биз дээ. Үзэлгүй улс төрийн хүчин хаашаа ч холбирч болдогийн нэг жишээ энэ.
-Долоодугаар сарын 1-ний хэрэг явдлын буруутнаар цагдаагийн удирдлагууд тодорлоо. Тэд үнэхээр буруутай юу?
-Одоо бол нөхцөл байдал өөр 2008 оноос хойш Оюутолгой, Тавантолгойгоо худалдлаа. Монголынхоо газар шорооноос чамгүй худалдлаа. Олон түмэн уур хилэн нь хүрээд асуух юм бол 2008 оноос арай чанга дуугарах байх аа. Арай өргөн хүчтэй хөдлөх байх. Үүнийг үгүйсгэж болохгүй. 2008 оны үйл явдалд цагдаагийнхныг буруутгаад нэг генерал дөрвөн хурандааг хийгээд байна. Үйл явдлыг зөв харж ойлгох хэрэгтэй. Хүний амь хохирсон үйл явдал бол онц байдал зарласанаас хойш жагсаал цуглаан тарснаас хойш гудамжинд хөөж яваад цагдаа нар буудлаа гэдэг зүйл яригдаад байгаа.
Тэгэхээр "Бууд, галт зэвсэг хэрэглэ" гэдэг тушаал, зөвшөөрлийг хэн өгсөн бэ гэдэг нэг асуудал. Нөгөөдөх нь зугтаж яваа хүмүүсийг араас нь хэн хөөж хүн буудсан бэ гэдэг өөр асуудал. Үүнийг ялгах хэрэгтэй байгаа юм. Миний бодоход хамгийн эхний асуултанд хариулт өгөх хүн бол онц байдлын штабын дарга байх ёстой. Энэ хүн би галт зэвсэг хэрэглэ гэж тушаал өгсөн гээд хэлбэл галт зэвсэг хэрэглүүлсэн хурандаа нар өөрсдөө хүн буудаагүй бол буруудаад байх нь ч юу юм.
Хэрэв тэр хүн би галт зэвсэг хэрэглэ гэдэг зөвшөөрөл өгөөгүй, эд нар дураараа галт зэвсэг хэрэглэсэн гээд шүүх дээр очоод үнэнээ хэлэх бол генерал хурандаа нар хариуцлага хүлээж таараа шүү дээ. Асуудал тодорхой. Гэтэл одоо хүртэл тэр штабын даргаасаа асуухгүй, мэдүүлэг үнэн бодитойгоор авч чадаагүй мөртлөө цагдаа олон түмэн хоёрыг мөргөлдүүлээд байгаа юм. Амь насаа алдсан хүмүүсийн ар гэр хохирогсод, эрүүл мэндээрээ хохирсон, орон шоронд орсон хэдэн зуун хүмүүс байна.
Зөндөө олон хүн гомдолтой байгаа шүү дээ. Гэтэл нөгөө талд нь хэдэн зуун цагдаа бэртэж гэмтсэн, ар гэрийнхэн нь гомдолтой байгаа. Энэ хоёрыг хооронд нь мөргөлдүүлээд дунд нь тодорхой зайнд албан тушаалтнууд үлдэх гээд байна. Үүнийхээ учрыг л олох хэрэгтэй.
-Мал их өсөж байна гэдэг. Гэтэл махны үнэ 10 мянгад хүрчихлээ. Энэ жам ёсны зах зээлийн үзэгдэл үү?
-Үүнийг нарийн судлах хэрэгтэй. Миний хувьд хоёр ойлголт байдаг юм. Нэгд одоогийн их өсч байгаа мал чинь Монголын өмч мөн үү. Энэ чинь "Хаан" банкны зээлийн барьцаанд ороод тоо толгойгоороо тэнд данслагдчихаад ноён Савадагийн мал болчихоод байгаа юм биш байгаа даа. Малчид нь нөгөөдөхөө зах зээлд гаргаж чадахгүй, тэгээд мах үнэд ороод байна. Нөгөө талаас манайд махны панзчид буюу манайхан гоёор ченжүүд гэж нэрлэдэг ах дүү нар байна. Эд чинь тодорхой бодлоготой.
Эдний ихэнх нь МАН-ын ах дүү нар байдаг. Тэд сонгууль ойртоод ирэхээр махны үнэ өсгөж, сонгуулийнхаа зардлыг олж авч, намдаа ч хандив өгөх мөнгөө олж авна биз. Ер нь бензин шатахуун, махны үнэ хөөрөгдөх хоёр бол үндсэндээ эдийн засгийн үндэслэл гэхээсээ илүү улс төрийн сонирхолд хөтлөгддөг. Шатахууны үнийг хатуу барина гэж зарлаад л сонгуулийн дараанаас эхлээд сул тавина.
-Монгол улсын эдийн засаг 17.3 хувиар өслөө. Тэгвэл тэр өсөлт гарт баригдаж, амьдралд наалдсан жинхэнэ өсөлт мөн үү?
-Манайхан нэг сонин юм ярьдаг л даа. Монгол орон эдийн засгийн үсрэнгүй хөгжил эхэллээ ч гэх шиг. Аавынхаа эд хөрөнгөө хадгалж байсан авдарыг нь хүүхэд нь ухаж байгаад юмыг зарчихаад би мундаг болж байна гэж хэлж болох уу. Монголын өвөг дээдсээс хайрлаж хадгалж ирсэн баялагаа гадныханд ухуулчихаад ухаад явсан эрдэс баялгийн тоогоор үнийн дүнг нь тооцож гаргачихаад баяжлаа, хөгжлөө гэж хэлж болохгүй биз дээ. Харин тэр тусмаа хойч үеийнхнийхээ идэж уух, өмсөж зүүхээр хомс болгоод, зээлийн барьцаанд оруулаад сууж байгаа шүүдээ. Оюутолгой гэхэд тэр их алт зэс цагаан мөнгөнийхөө нөөцийг Фрийдландад өгчихөөд, өртэй хоцорлоо. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй байх л даа.
-Саяхан л бид 70-80 жил тавьсан өрнөөсөө саллаа гээд баярлаад байсан. Одоо тэрнээсээ бараг дутахгүй өртэй болчихсон юм биш үү?
-70 жилийн өр гээд шуугидаг чинь сурталчилгаа юм шүү дээ. Уг нь Монголын өр бол 1971 оноос хойш бий болсон. 14 тэрбум шилжих рублийн өрийн 4 тэрбум нь зөвхөн 1976 оноос хойш дэлхийн зах зээлийн үнэ өөрчлөгдөхөд Монгол өөрөө хүлээж авч чадахгүй гадны нөлөөнд ороод өр зээл тавьж хааж байсантай холбоотой юм. Тэр өрийг бол дэлхийн хувьсгалын дансан дээр бичээд цайруулчихъя гэсэн бодол тухайн үедээ монголчуудад байсан байж болох. Одоо бол 10-аад тэрбумын өртэй болчихлоо, байдал хэцүү боллоо. Гэтэл одоогийн өр бол чөлөөт зах зээлийн нөхцөлд авсан, зайлшгүй төлөгдөнө. Үүнийг бодож л явах хэрэгтэй. Ер нь зээлэнд шунана гэдэг бол улс орныхоо ирээдүйг баллах хамгийн муу арга. Үүнийг үргэлж санаж явах хэрэгтэй.
Ц.Энхзул
Эх сурвалж: "Монголын нэг өдөр"
Сэтгэгдэл ( 0 )