Сүүлийн 20 жилд Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн биеэ даасан байдал бүрэн алдагдлаа. Эдийн засаг нь ямар ч онолгүй, дэндүү түүхий бас замбараагүй байдалд орчихлоо. Үнэндээ Монгол улс эдийн засгийн терроризмд өртчихөөд байна. Эдийн засгийн терроризм нь тухайн улс үндэстнийг устгаж, мөхөөх зорилготой гадны орнуудын үйл ажиллагаа юм. Эдийн засгийн терроризм нь ядуу буурай, хяналтгүй орнуудыг сонгож үйл ажиллагаагаа явуулдаг. Эдийн засгийн терроризмыг үйлдэж буй этгээдүүдийг эдийн засгийн алуурчид хэмээн нэрлэдэг. Тэд төрөл бүрийн тусламжийн байгууллага, төсөл хэрэгжүүлэгчид, хандивлагчид, банкны хэлбэрүүд, олон улсны байгууллагуудаар дамжин зүсээ хувилгасан сайн санаатны дүрээр орж ирдэг. Хэдхэн жилийн өмнө Монголчуудын чихэнд хоногшоогүй байсан энэ үг өнөөдөр бидэнд нэгэнт танил болжээ. Учир нь Монгол улс эдийн засгийн алуурчдын үүр уурхай болчихоод байна. Эдийн засгийн алуурчид либериализмаар өөрсдийн амьдрах орчноо засдаг. Либериализм гэж орилсон улс төрийн намууд, эдийн засагчид, нийгмийн давхрагыг тэд эхлээд бэлддэг. АН либериализмийг дэлгэрүүлж, ардчилсан үзэлтэй хүмүүс нь либериализмыг шүтэж, Монголын залуу үе либериализмаар амьдарч байна.
Монгол улсын засгийн газар, УИХ, Монголбанк ажлаа хийж чадахгүй байгаа учраас Монголын эдийн засаг бүр мөсөн сүйрч араасаа ажилгүйдэл, ядуурал гэх мэт нийгмийн сөрөг үзэгдлүүдийг дагуулсаар байна. Эдийн засгийн терроризм уул уурхай, банк санхүү, нийгмийн халамж, хувийн хэвшил гээд улс орны бүхий л салбарыг үндсээр нь устгаж байна. Тэд Монгол улсын хөгжлийг, Монгол хүний аз жаргалыг булааж байна. Одоо тэгээд яах вэ Монголчуудаа бид бүгдийг мэдэж байгаа мөртлөө үүний эсрэг юу ч хийхгүйгээр өдөр хоногийг өнгөрөөсөөр байх уу.
Асар өргөн уудам газар нутагтай ч хүн ам цөөтэй, байгалийн баялаг ашигт малтмалын арвин их нөөцтэй Монгол орныг гадныхан 1990-ээд оноос эхлээд эрчимтэйгээр сонирхож эхэлсэн. 1990-ээд оноос өмнө хуучны ЗХУ нь Монгол улсын ашигт малтмалын тархцуудыг нээн илрүүлж тодорхой хэмжээгээр олборлолт хийж эхэлсэн юм. Мөн Монгол улсад маш их хэмжээний зээл тусламжийг үзүүлсэн. Харин 1990 онд ардчилсан хувьсгал явагдаж Монгол улс бүхнийг нээлттэй гэсэн зарчимдаа шилжсэн. Ингээд бүхий л зүйл хөдөлгөөнд орж эхэлсэн. Юу байна түүгээрээ дайл гэдэг шиг л Монголчууд бид гадныханд хандсан.
Ялангуяа 2000 оноос эхлээд Монголын газар нутаг бараг тэр чигтээ гадныханд лиценз нэрээр худалдагдаж, өнөөдөр Монгол улсад бүтэн газар үлдсэнгүй. Бүхий л аймаг, сумдын газар нутаг лиценз нэрээр гадныханд арилжигдаж, Монгол хүн Монгол нутаг дээрээ гишгэх газаргүй болжээ. Гадны хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татна хэмээн гадны компаниудыг ямар ч шалгуургүй, хяналтгүй дураар нь авирлуулсаны гай өнөөдөр гарч байна.
Монгол оронд нүүрлээд буй өнөөгийн нөхцөл байдлыг Африк болон Латин Америкийн сүйрэлд унасан улс орнууд дайраад өнгөрсөнийг бид хангалттай сонссон. Бид яг Африк шиг боллоо гэсээр байгаад яг л Африк шиг болох дээрээ тулаад байна. Эдийн засгийн алуурчид ийм байдаг, улс орныг ингэж сүйрүүлдэг гэж ном хүртэл гарлаа, нэвтрүүлгүүд цацагдлаа даанч юу ч сайжирсангүй. Мэдээж ард түмэн эх орноо бүрэн бүтэн байлгахыг л хүснэ. Харин эрх баригчдад эх орон, ард түмнээ гэсэн өчүүхэн ч хүсэл алга. “Хувиа борлуулж довоо шарлуулбал болоо” гэсэн ганцхан философи тэдэнд үйлчилнэ.
Оюутолгой, Тавантолгой гэх том төслүүдээс асар их найдлага хүлээж байсан ард түмэн өнөөдөр хоосон хана мөргөснөө дэндүү сайн ойлголоо. Эдгээр төсөл, гэрээнүүд нь Монгол улсад ямар ч ашиггүйгээр хийгдсэн ба харин ч бүр араасаа асар их хохирлыг дагуулна гэдгийг сая мэдэж авлаа.
Оюутолгойн одоогийн байдлаар судлагдсан баялаг:
Зэс: 49 сая тонн
Алт: 1800 тонн
Мөнгө 13 мянган тонн
Газрын ховор элементүүд, бусад металл ???
Оюутолгойг багаар үнэлэхэд: 550 тэрбум ам доллар. Цаашид хэд болж өсөхийг мэдэхгүй.
Энэ их баялаг таных биш. Одоо Монголд юу болж байгааг, газар нутаг нь ямархуу байдалтай байгааг та бүхэн сайн мэдэж байгаа. Монгол хүн миний зөв гэж мянга орилоод ч Монгол хүн таны буруу л болж байна. Худлаа гэвэл Фрийдландын өмнөөс Оюутолгойгоо авъя гээд хэлээд үзээрээ, таны өөдөөс солиор гэж хэлэх болно. Танай улс төрчдөд өгдөг юмыг нь өгөөд авчихсан, та нар бол зүгээр хэнд ч хэрэггүй амьтад гэж зандарна. Багаар бодоход 550 тэрбум ам долларын өртөгтэй ордыг чухам хэдэн тэрбум ам долларын авилгалаар авсан юм бэ, хэн хэнд авилгал өгсөн бэ гэдэг нь маш тодорхой. Нэг Канад нөхөр Монголд орж ирээд Монгол орныг байгалын баялаг, улс төр, эдийн засаг гэх мэтчилэн бүхий л зүйлтэй нь хамт судалчихаад өнгөтэй өөдтэй бүхнийг нь өөрийн болгох гэж явна. Захаас нь Монголын баялагийг дээрэмдээд, бусдад дамлаад сууж байна. Монгол улсыг гадны нэг дээрэмчин орж ирээд дамлаж зараад сууж байна гэж та бодоод үздээ, тусгаар тогтносон улсад ийм зүйл байж болох уу. Тэр маш сайн арын хаалгатай, учир нь түүнд Монголын улс төрчид худалдагдчихсан. Үүнийг л эдийн засгийн терроризм гээд байгаа юм шүү дээ. Оюутолгой бол дөнгөж эхлэл шүү гэдгийг та маш сайн анхаарах хэрэгтэй шүү. Дараа нь тавантолгой.........гэх мэтчилэн урт дараалал хөвөрнө.
Бүхэл бүтэн нэг сумыг тэр чигт нь лиценз нэрээр худалдчихсан тохиолдол сүүлийн үед нилээд гарлаа. Тухайн сумын иргэд амьдрах орчингүй болчихоод нутгаасаа хөөгдөж байна. Ширгэсэн гол, хатсан талтай болчихоод сууж байгаа Монголын иргэд ч зөндөө олон. Тэд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу тэр цагтаа төр засагтаа хандана, харин төр өмнөөс нь ард түмнээ басамжлан та нар ч гэж дээ хэмээн тавлана. Шударга ёсыг хайсан шударга иргэд шударга ёс гэж хаана ч байдаггүй юм байна гэдгийг л мэдэж авахаас илүүг сонсохгүй. Ийм Монгол орныг та бид хамтдаа бүтээлцсэн гэж үү.
1990 онд ардчилсан хувьсгал ялчихаад эх орноо шинэ либериализмын замаар хөгжүүлнэ хэмээж холын замдаа гарсансан. Социализм шиг муу зүйл байхгүй, Орос шиг муу улс байхгүй хэмээн уриа лоозон болж байсан тухайн үеийн ардчилагчид өнөөдөр төрд гараад даруй 20 жилийг үджээ. Тэгвэл ардчилал Монголд юу авчирсан юм бэ? Эрх чөлөөг үү, шударга ёсыг уу, сайн амьдралыг уу? Үгүй ээ,
Ардчилал бидэнд энэ бүгдийг авчирч өгсөнгүй, ардчилал бидэнд экспортлогч биш импортлогч болохыг, хөдөлмөрч биш залхуу байхыг, ёс суртахуунлаг биш бүдүүлэг байхыг, хөгжлийг биш хоцрогдлыг авчирсан. Ардчилал хилээ нээхтэй зэрэгцээд эдийн засгийн алуурчид эх оронд минь нэвтэрч эдийн засгийн террорист ажиллагаагаа явуулж эхлэв. Ямар ч хяналтгүй замбараагүй нийгмийг, хувиа бодсон улс төрчдийг хараад эдийн засгийн алуурчид ёстой л хотонд орсон чоно шиг гэдсээ дүүртэл идсэн. Гэхдээ тэд хэзээ ч идэж ууж ханахгүй. Монгол гэдэг улс орныг газрын хөрснөөс арчиж чадсан цагтаа л санаа нь амарна. Тэгээд бид улс орноо бусдад сүйтгүүлээд өөрсдөө зүгээр хараад л сууж байх уу.
Монголын улс төрчид эдийн засгийн алуурчидтай хуйвалдан улс орондоо эдийн засгийн терроризмийг үйлдэж сууна. Тэд ард түмэнд өгсөн өчүүхэн цалингаа инфляци бодлогын хүүгээр дамжуулаад булаагаад авчихна. Монгол банкны бодлогын хүү жилийн 13.25 %-тай байна. Үүнийг дагаад банкнуудын хүүгийн түвшин 18%-24%-ийн хооронд хэлбэлзэж байна. Монгол улсад инфляци тэнгэрт хадсан мөн төв банкны бодлогын хүү нь галзуурмаар өндөр байгаад байдаг, туйлдсан, ядарсан ард түмэн харин өдрөөс өдөрт ядуурсаар. Их Британи, Герман зэрэг улс орнуудад төв банкны бодлогын хүү нь жилийн 1%-1.3% хувийн хооронд хэлбэлзэж байдаг бол Монгол оронд эдгээр улсуудаас 10 дахин их бодлогын хүү үйлчилж байна. Тэгэхлээр ард түмний амьдрал яаж сайжрах вэ дээ. Англи,Германчууд биднээс 10 дахин бага хүүтэй зээл авч байхад бид шулуулж байдаг.Монгол улс дэндүү өндөр, ард түмнээ шулсан банкны хүүгээрээ дэлхийд толгой цохиж явна. Монголоос илүү өндөр бодлогын хүүтэй төв банк, зээлийн хүүтэй арилжааны банкнуудтай улс дэлхийд алга. Бодлогын хүүгээр дамжуулаад тараасан халамжийн мөнгөө, цалин тэтгэвэртэй нь цуг хуу хамаад авчихна. Харин ард түмнийг дээрэмдсэн мөнгөө гадны луйварчдад тушаачихна. Бизнес эрхэлдэггүй, баялаг бүтээдэггүй олигархиуд хөдөлмөрлөхгүйгээр мөнгөө өсгөхийн тулд банкны зээлийн хүүг хэт өндөр байлгах сонирхолтой байдаг.Тэд ард түмэнд өгсөн бүхнээ булаан авч эдийн засгийн алуурчдын даалгаврыг маш амжилттай гүйцэтгэж байна. Монголын улс төрчид худалдагдчихсан шүү иргэдээ, тэдэнд найдаад хэрэггүй.
Авлига болон луйвраар олсон мөнгөө өндөр хүүтэй хадгаламжинд хийчихээд л ард түмнээ шулаад байна гэсэн үг. Дэндүү өндөр өртөгтэй зээлээс болж бизнесийн салбарын хөгжил зогсож, үүнийг дагаад ажлын байр үгүй болж, нийгэм тэр аяараа хямарчээ.Хямарсан ороо бусгай нийгэмд эдийн засгийн терроризм жинхэнэ цэцэглэдэг.
1900-гаад оны үед Манжийн пүүсэнд тэр аяараа өртэй байсан Монголчууд өнөөдөр яг л түүх давтагдав уу гэлтэй байдалд орчихлоо. Хятад мөнгө хүүлэгчдэд олсон орлогоо, хийсэн хөдөлмөрөө шулуулж байсан тухайн үеийн Монголчууд амьдралаа нэг зээлээс нөгөө зээлийн хүүнд дарагдан өнгөрөөдөг байсан. Эдгээр дарлагдсан он жилүүдээс хойш ардын хувьсгал, социализмийн он жилүүд, ардчилсан хувьсгал өрнөлөө харин өнөөдөр юу өөрчлөгдөв. Бөөрөнхий гэрээс дөрвөлжин байшинд, бага боловсролоос дээд боловсролд, морин тэрэгнээс жийпэнд шилжсэн нь лав үнэн. Өөр чухам юу явагдаад өнгөрөв өө.
Монгол хүний эрхийг дээдэлдэг, шударга ёс тогтсон, ардчилсан орон болж чадав уу? Монгол улс хөгжил дэвшилд, Монгол хүн сайн сайханд хүрэв үү?
Монгол улсын социализмийн үеийн бүхий л бүтээн байгуулалт (Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Дархан хот, Чойбалсан хот, Бор Өндөр, үйлдвэр комбинат, иж бүрэн цахилгаан, дулааны станц, их дээд сургууль, коллеж, бага дунд сургууль, цэцэрлэг Монгол улсын эрдэм шинжилгээний иж бүрэн дэд бүтэц, сангийн аж ахуй, ХАА-н нэгдлээс гадна орчин үеийн шинжлэх ухааныг эзэмшсэн)10 орчим тэрбум ам долларын өртгөөр боссон. Мэдээж энэ их мөнгийг тухайн үеийн ЗХУ-аас зээл хэлбэрээр авч байж Монголчууд бид хөгжил дэвшлээ хурдасгасан. Энэ өр зээлийг хэн нэгэн хувьдаа ашиглаагүй, буруу замаар оруулаагүй.
Харин 1990 оноос социалист тогтолцооноос ардчилсан тогтолцоонд шилжихтэй зэрэгцээд олон үйл явдал өрнөсөн. 1990 оноос 2007 он хүртэл 17 жилийн хугацаанд Монгол улс нийт 1,7 тэрбум ам долларын гадаад өр тавьжээ. Энэ мөнгийг юунд үрсэн яаж зарцуулсан гэдэг нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэл гэгчийг л чухам Монгол улсын хөгжлийн гарц хэмээн үзэж энэ чиглэлд зээл тусламж нэрийдлээр асар их хөрөнгийг зарсан. Гэвч жижиг дунд үйлдвэрлэлд чиглэсэн зээл, тусламжууд зорилтот хүмүүстэй хүрэлгүйгээр замаасаа буруу замаар алга болж эхэлсэн. Монголд нэг гаж үзэгдэл байдаг нь ард иргэдэд зориулсан зээл тусламжийг замаас нь эрх мэдэлтнүүд булаадаг үзэгдэл юм. Яг л энэ жишгээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл тусламжууд аймаг сумдын засаг дарга болоод эрх мэдэлтнүүдийн халаасанд ороод дууссан. Мэдээж зээл авсан хүн эргүүлж төлөх ёстой болохоор Монгол улсад өр төлбөр нь үлдсэн. Ард түмэн харин энэ мөнгөнөөс юу ч олж долоосонгүй.
1990-2007 онд Монгол улс эдийн засгийн хувьд элгээрээ мөлхсөн он жилүүд байсан юм. Эдгээр он жилүүдэд Монгол улсын төр засгийг барьж байсан хүмүүс өнөөдөр бүгд төрөөс төрсөн тэрбумтнууд болчихоод ханалгүй бие биетэйгээ их бага идсэнээрээ барьцалдан сууна. Үнэндээ тэд өөрсдийн сайндаа биш ард түмнээ ядууруулж, зовоож, өлсгөж байж л бузар хөрөнгөө цуглуулсан шүү дээ. Мөн тэд эдийн засгийн алуурчдад улс орныхоо үүд хаалгыг нээж Монголыг цөлмөх бодлогыг нь дэмжсэн хүмүүс.
Харин бүр даварч 2008-2011 онд Монгол улс 7,9 тэрбум ам долларын гадаад өрийг тавьжээ.
Энэ өрийн тоог хараад танд юу бодогдож байна. Эх орноо худалдаад идчихсэн манай улс төрчдийн хийж чаддаг ганц ажил нь эх орон ард түмнээ хуурч өөрийн аз жаргалыг бүтээх. Өр бол Монголын баялгийг Монголын ард түмнээр барьцаалан зээл аваад өөрсдөөсөө нэг ч төгрөг гаргахгүй ашиглаж буй хэлбэр юм. Монгол хүн таныг төрсөн эх оронтой чинь хамт гадны банкинд барьцаанд тавиад зээл авчихаж, харин та дув дуугүй байсаар л. Ийм их мөнгийг зээл хэлбэрээр авчихаад байхад ажилгүйдэл буурсангүй, ядуурал арилсангүй, бүтээн байгуулалт өрнөсөнгүй, нэг ч үйлдвэр шинээр баригдсангүй. Харин эрх баригчдын унадаг машин нь томорсоор, суудаг байшин дээшилсээр.
Мэдээж гадныхан манайд зээл өгөхдөө дуртай байх нь ойлгомжтой. Гадныхны толгойд эргүү хэдэн улс төрчдийг нь барьцаалчихвал энэ орныг чөлөөтэй дээрэмдэж болно гэсэн бодол үргэлж хадаастай. Мэдээж ард түмнээсээ нууж авсан зээлээ Монголын улс төрчид төлж чадахгүй учраас гадныханд эх орныхоо баялагийг хэлсэн зоргоор нь ашиглуулна.
Өнөөдөр Монгол улс нийт 9,6 тэрбум ам долларын гадаад өртэй болчихоод сууж байна. Энэ өрийг Монгол улсын 2,7 сая иргэнд хувааж үзвэл нэг иргэнд 3500 ам долларын гадаад өр ноогдож байна. Ийм өртэй байхад бид тусгаар тогтнол, үндэстний аюулгүй байдал зэргийн талаар яриад ч хэрэг байна уу даа. Монгол улс ДНБ-ээсээ давсан гадаад өртэй байгаа нь Монгол улсын цаашдын орших эс оршихын асуудлыг хөндөхөөс өөр аргагүйд хүргэлээ. 9,6 тэрбум ам долларын гадаад өрийн 7,4 тэрбум доллар нь хувийн хэвшилд ноогдож байна. Хувийн хэвшилд гэж байгаа боловч үнэн хэрэгтээ улс төрчдийн нууц компаниуд болон тэдний ах дүү хамаатан садан, найз нөхдийн компаниудын авсан зээлүүд юм. Хувийн байна уу улсын байна уу ялгаагүй Монгол улсын нэр дээр л бичигдэх өр зээлүүд шүү дээ. Эцсийн эцэст ард түмний нуруун дээр л буух өр зээлүүд, ард түмэн л энэ их өр зээлийг төлж барагдуулна.
2012 онд Монгол улсын гадаад өр зээл өшөө хэд болж нэмэгдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Ямар ч байсан өссөн нь ойлгомжтой. Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг шиг, Монголчууд бид энэ их гадаад өрөө дарахгүйгээр цаашдын хөгжил цэцэглэлтийн талаар яриад ч хэрэггүй. Бид л буруу хүмүүсийг сонгож, буруу хүмүүсээр төрөө бариулсаны гайгаар өнөөдөр ийм эмгэнэлтэй байдалд орчихлоо. Нэгэнт лууварчин байна уу авилгач байна уу ялгаагүй Монгол улсын л нэр гарна шүү дээ. Гадны банкууд тэр аваад идчихсэн гэж хэлэхгүй Монгол улс ийм өртэй гээд л ярих болохоор, энэ өрийг хэрхэн яаж тавьсан, хэн хэн авсан гэдгийг нь яаралтай тодруулах хэрэгтэй. Тухайн орныг өрөнд унагаж байгаад газар нутгийг нь байгалийн баялагтай нь цөлмөдөг арга бол эдийн засгийн алуурчдын бас л нэг арга мэх. Монголд эдийн засгийн терроризм ёстой л хар дарсан зүүд адил өрнөж байна.
Үргэлж нууж хаасан айдастай явдаг учраас Монголын улс төрчид үргэлжийн дарамттай. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээхийн адилаар нэг л өдөр тэдний булхай ил болно гэдгийг бодохоос нойр нь хүрэхгүй. Арга ядахдаа ард түмнээ аргацаахын тулд 21000 төгрөг тарааж хоосон ажил хийсэн дүр үзүүлнэ. Аманд ч үгүй хамарт ч үгүй халамжийн бодлого нэртэй зүйл нь үнэндээ таны толгойг эргүүлж байгаа эдийн засгийн алуурчдын хэрэгсэл. Өнөөдөр 21000 төгрөг тарааж байгаад маргааш эх орныг минь авч одно шүү. Эдийн засгийн алуурчид иймэрхүү зүйлийг хийхдээ тун гаргуун. 21000 төгрөг бол ердөө л эхлэл, та Африкийн орнуудыг хардаг биздээ, барууны эдийн засгийн терроризм Африк тивийг бүхэлд нь сүйтгэсэн. Өнөөдөр Африк тивийн ихэнхи орнууд барууны орнуудын хүнсний тусламжаар өдөр хоногийг өнгөрөөж, онгоцоор нохойд хаях адил шидэх хатсан талхны хэлтэрхийг горьдон нэг насны амьдралаа өнгөрөөж сууна.
Ийм амьдралыг Монголчууд хүснэ гэж үү? Өөрөө насаараа гуйлгачин шиг амьдарч, үр хүүхэд чинь хүртэл гуйлгачин амьдралаар амьдрах тийм ирээдүйг та хүсээгүй биздээ. Өнөөдөр Монголын улс төрийг гадны эдийн засгийн алуурчин гаднаас удирдан сууна. Монголын улс төрчид, эрх мэдэлтнүүд эдийн засгийн алуурчидтай хуйвалдан эх орноо мэрж байна. Ийм байдалтайгаар өдрөөс өдөрт Монголын маргааш үгүй болж, Монгол улс оршин тогтнох боломж хумигдсаар л.
Цалин, тэтгэврээр амьдах боломж Монголд байхгүй, тэгээд яаж амьдрах юм бэ? Иргэдийг өөрийн эрхгүй буруу зүйлийг хийж амьдрах тийм хувь заяаг Монгол улс өнөөдөр олгож байна. Монголд зөв зүйлийг хийж, үнэнээр амьдрах боломж ерөөсөө үгүй тул иргэд амьдрахын эрхээр бурууг үйлдэж сууна. Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоо Монгол хүнийг ямар ч мэдлэг боловсролгүй, ёс суртахуунгүй байлгах тийм бодлогыг хэрэгжүүлсээр хэдэн жилийг үдлээ. Монгол улсын бүхий л институтэд эдийн засгийн алуурчид нэвтэрч Монгол хүний сайн сайхны хором мөч бүрийг нь хулгайлсаар байна. Монгол улс дараагийн Африк болохгүйн тулд, Монгол хүмүүс тусламжийн хоол хүнсээр нэг насны амьдралаа өнгөрөөхгүйн тулд одоо л тэмцэж эхлэх хэрэгтэй. Юм бүхэн хугацаатай байдаг гэдгийг ухаарахгүй бол, бүх зүйлийг өнгөрсөн хойно нь харамсах зүйл болно шүү.
Монголд үүссэн улс төр-бизнесийн бүлэглэлүүд нь эдийн засгийн алуурчдын гар хөл болж эх орноо худалдаж байна. Монголын улс төрийн намууд, төрийн байгууллагууд, хүчний байгууллагуудын удирдлагууд хэдийнээ ард түмнийхээ төлөө биш олигархиудын, гадныхны бүр тодруулбал эдийн засгийн алуурчдын атганд орсон. Эх орныхоо төлөө гэж өргөсөн тангарагаасаа няцаж ард түмнээсээ урважээ. Тийм учраас төр засгаас ахиад юу хийх бол гэж найдаад хэрэггүй. Таны найдлага талаар өнгөрч эх орны тань сөөм газар хором хормоор гадныхны мэдэлд шилжсээр байх болно.
Та Улс төр-бизнесийн бүлэглэлд харъяалалгүй эсвэл таны танил тэнд байхгүй л бол таны амьдрал хэзээ ч өөдлөхгүй. Тэд Монгол улсыг аалзны тор шиг хэрж, Монгол хүнийг хувалз мэт шимэн амьдарна. Монголын улс төрчид намын нэрээр өнгөн дээрээ ялгарч байгаа боловч бүгд халаас нэгтэй луйварчид. Монголын толгой гэж буй компаниуд нь АН болон МАН-ын улс төрчдийн хамтын эзэмшлийн хэлбэрээр амь бөхтэйгээр оршин байна. Хоёр өөр нам болж ард түмнийг хууран жүжиг тавьж бие биенээ хулгайчаар нь дуудаж, харин үнэн хэрэгтээ өөрсдийн наймаагаа яаж өргөжүүлэхээ ярилцана. АН болон МАН-ын ард асар их булхай, хуйвалдаан нуугдаж байгаа ба удахгүй илрэх нь тодорхой.
Монголд нүүрс ухаад зарахаа бизнес хэмээн нэрлэж, бараа дамлан наймаалахаа бизнесмэн хэмээн сайрхаж, архи үйлдвэрлэхээ шилдэг технологи хэмээн онгирч байхад дэлхий нийт хоцрогдсон салбаруудаа хаяж өндөр технологийг л судалж, хөгжүүлж байна. Монгол дэндүү хоцрогдсон, хөгжилгүй байх нь эдийн засгийн алуурчдад мэдээж хамгаас ашигтай. Тэд ч Монголыг хөгжүүлэхгүй яаж хоцрогдолд оруулахаа сайн мэднэ.
Өнөөдөр Монгол улс бүхий л статистик үзүүлэлтүүдээрээ хүн төрөлхтний адаг болж явна. Монгол улс дэлхийд ардчиллын индексээрээ 69-р байранд, Авилгалын индексээрээ 124-р байранд орж нийт хүн амынх нь 50% ядуу гэх ангилалд багтан, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, шударга ёс бүр мөсөн устсан орон болон хувирлаа. Ийм эх орныг Монголын ард түмэн огтхон ч хүсээгүй ба эрх баригчдын бузар үйлдэл эх орныг минь улам ихээр сүйрүүлсээр байна. Монголын нийт иргэд эдийн засгийн терроризм, улс төрийн шударга бус байдлыг устгахын төлөө тэмцэх хэрэгтэй.
ДНБ нь өсч байхад иргэд нь ядуурч байдаг улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй. Ардчилсан орон гэж зарлачихаад авилгалын үзүүлэлтээрээ дарангуйлагч төрөөс давсан үзүүлэлттэй орон бас Монголоос өөр байхгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг улс төрчидтэй, дэндүү цөөхөн хүнтэй асар их баялагтай мөртлөө үнэхээр ядуу амьдарч байгаа улс бас дэлхий дээр Монголоос өөр байхгүй. Улс төрчид нь улс орноо атгачихсан, шударга ёс устсан, баян хоосны ялгаа нь тартагтаа тулсан ардчилсан гэх тодотголтой орон Монголоос өөр байхгүй. Ёстой л Монгол хүн тулдаа л тэсч тэвчиж амьдарч байна гэхээс өөр хэлэх үг алга.
Эх орноо эдийн засгийн терроризмоос хэрхэн хамгаалах вэ Монголчуудаа.
Юуны өмнө АТГ юмуу ТТГ-ын харъяанд эсвэл биеэ даасан статустайгаар эдийн засгийн терроризмтой тэмцэх тусгай албыг байгуулах хэрэгтэй. Энэ албанд эдийн засаг, тагнуулын өндөр мэдлэг чадвартай мэргэжилтнүүдийг ажиллуулж, Монгол улсад өрнөж буй эдийн засгийн терроризмийг устгаж, сэргийлэх ёстой. Мөн эдийн засгийн алуурчидтай хамтран эх орноо дээрэмдсэн, ард түмнээ ядууруулсан бүхий л албан тушаалтнуудад, гэмтнүүдэд тохирсон шийтгэлийг нь өгөх ба хууль бусаар цуглуулсан бүх хөрөнгийг нь хураан авна.
Эх орноо та л аварч чадна.
Д.Санчир
Сэтгэгдэл ( 0 )