“Тэмцэгч” О.Магнай чимээгүй болсон нь “хувьсгал”-аас ухарсных уу

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 24

Одоогоос зургаан жилийн өмнөөс “тэмцэл”-ээ эхэлсэн О.Магнай чимээ тасарчээ. Уг нь мань эр хоёр гуравхан сарын өмнө л янз бүрийн юм ярьчихсан цохиж явсан. Сонгуулийн хувьсгал худлаа боллоо одоо хувьсгалыг жинхэнэ утгаар нь хийе гээд л явж байсан. Тэгэхдээ АН-ын ҮЗХ-ны гишүүн тэрбээр Н.Энхбаярын МАХН-ын тэргүүлсэн улстөрийн холбооныхонтой түншилж байгаа нь илт байсан.
Гэтэл энэ хаврын улстөрийн синдром оргилдоо хүрсэн дөрөвдүгээр сарын өдрүүдэд огт чимээ аниргүй нам гүм сууж байх юм. Түүнтэй 2005 оноос мөр зэрэгцэж яваад 2008 оны 7 сарын нэгний хэрэгт цугтаа орооцолдсон Ж.Батзандан нь харин энэ хугацаанд ирэх сонгуульд ахин нэр дэвших бэлтгэлдээ орчихсон хотын удирдлагуудыг өдөж сөдөөд л явж байна. Ж.Батзандан АН-аас Баянзүрх дүүрэгт дахин нэр дэвших юм гэсэн.
Тэдэнтэй цуг “эрүүл нийгэм” гэж явсан М.Ичинноров хэмээх эмэгтэй шал өөр сонголт хийж, МАН-ыг сонгосон боловч саяхан Н.Энхбаярыг баривчилагддаг өглөө тус намаас гарч байгаагаа зарласан. Тэрээр түр ч болтугай хорогдсон намаа ихэд үзэн ядаж нөгөө ууж байсан худаг руугаа эргэж нулимж болохгүй гэсэн хязгаарыг давж орхисон. Түүний ийнхүү МАН-аас гарч байгаа нь УИХ-д том намын нэрээр сонгогдчих боломж хайгаад тэр нь бүтээгүйтэй холбоотой.
Тэгвэл энэ хэдтэй хамт гудамжны тэмцэлд хамтарч явсан Д.Чимидсүрэн гэх залуу Н.Энхбаярын МАХН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах харилцааг хариуцаж яваа. н.Хосбаяр хэмээгч нь бас л МАХН-ыг бараадсан бололтой цуглаан, жагсаал дээр нь харагдана лээ.
Ийнхүү хуучин найз нөхөд нь хаврын синдромд хальт ч болтугай үзэгдээд явахад О.Магнай хаачсан нь сонирхолтой. Түүнийг олон хүн энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй харин сонгуулийн дараа шударга бус болсон тул хувьсгал хийе хэмээн уриалах байх гэж харж байсан. Гэтэл мань эр Монголд “хувьсгал”-аас өөр сонголт үлдээгүй гээд байснаа больчихсон дахиад л сонгуульд нэр дэвших эрхийг АН-аас авчих санаатай үзэж тарж яваа сурагтай. Тэр өнгөрсөн сонгуулиар ИХН гээчээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан.
Одоо бол мань эр АН-ын ҮЗХ-нд УИХ-ын гишүүн Х.Тэмүжингийн оронд Баянгол дүүргээс сонгогдсон гишүүн нь. Тэгэхээр энэ хоёр дүүргийн аль нэгд нь АН-аас нэр дэвшин сонгогдохоор улайрч байгаа бололтой юм. Хэдий түүнийг ийн “тэмцэж” явааг нь олон хүн мэдэх ч АН-ын залуу үеийн улстөрч лидерүүд хэмээгдэх хүмүүсийн тоонд оруулахгүй байгаа нь бас сонирхол татаж байна. Ийнхүү сонгууль зарлагдах хугацаа тулчихаад байхад зарим нэг “тэмцэгч-улстөрчид” гүйдлээ олоогүй л явна.

www.UNEN.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top