ЦЕГ-ын дэд дарга А.Дулаанжаргал ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 24



 ЦЕГ-ын удирдлагуудыг халж солих тухай мэдээлэл жилийн өмнөөс сонсогдсон билээ. Харин өнгөрсөн баасан гаригт тус газрын тэргүүн дэд даргыг өөрчилж, орны хүнийг нь томилжээ.

 
Далд эдийн засгийг ил болгохоор тууштай тэмцэнэ хэмээн мэдэгдэж асан ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Р.Чингис ЦЕГ-ын тэргүүн дэд даргын албыг хашина. Р.Чингис 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгсч ирснээсээ хойш ЭЦГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр Орост боловсрол эзэмшиж ЭЦГ-т ажиллаж байгаад АНУд мэргэжил дээшлүүлсэн нэгэн. Өнгөрсөн жилээс хойш ЦЕГ-ын даргын албан тушаалд очно гэж яригдаж байсан түүнийг улстөрийн нөлөө бүхий албан тушаалтны хүн гэгддэг.
 
Өмнө нь ЦЕГ-ын даргыг өөрчлөх тухай яриа гарахад бригадын генерал А.Дулаанжаргал, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Зүмбэрэллхам, Тагнуулын ерөнхий газрын дарга асан М.Батсайхан нарын нэр яригдаж байсан. Тухайн үед боловсрол чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн бусад томчуудыг гомдоож Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилчихвол хүчний байгууллагынхан дургүйлхэж, асуудал босох төлөвтэй байсан учраас түүнийг эл албанд томилоогүй. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг өмнө АТГ-ын даргаар томилох сураг гарч байсан. Улстөрийн хөшигний ард АТГ-ыг хэн толгойлох вэ гэсэн нууц яриа гарах үед Р.Чингис хурандаагийн нэр нэлээд өндөр авсан байдаг.
 
Харин тэр АТГ-ын даргын албан тушаалд очихоос татгалзсан билээ. Өнөөдөр харин хүссэн суудалдаа очиход нэг алхам ойртож ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдлоо. Р.Чингист ажлаа өгсөн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал А.Дулаанжаргал Монгол Улсаас БНСУ-д суух бүрэн эрхт Элчин сайдад нэр нь яригдаж байна. Тэрбээр өмнө нь хэд, хэдэн улсын Элчин сайдын албан тушаалаас татгалзсан нэгэн. Бригадын генерал А.Дулаанжаргалыг албаа өгснийг дуулаад энэ тухай утсаар лавлалаа. 
 
-Таныг ажлаа хүлээлгэж өгсөн гэж дууллаа?
-Би ажлаа хүлээлгэж өгөөгүй, эмнэлэгт хэвтэж байна. 
 
-ЦЕГ-ын дэд даргаар өөр хүнийг томилсон юм биш үү? 
-Намайг сольсон тухай хэвлэлээс өчигдөр олж харлаа. Энэ тухай надад албан ёсоор хэлээгүй. 
 
-Тэгэхээр таныг хууль бусаар чөлөөлсөн гэсэн үг үү? 
-Тийм гэж бодож байна. Эмнэлгээс гарахаар учир нь олдох байх. 
 
-Гэхдээ Та БНСУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар явж байгаа юм биш үү?
-Надад энэ талаар мэдсэн зүйл алга.
 
Д.Мягмаржаргал
Эх сурвалж: "Unen.mn"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top