Өнөөдөр таван байнгын хороо хуралдах байснаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсангүй. Үдээс өмнө Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл болон Азийн Хөгжлийн Банкнаас авах арилжааны нөхцөлтэй 370 сая ам.долларын зээлийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв. Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг 2020 он хүртэл хэрэгжүүлж тусгай замын автусаар хөдөлгөөнийг зохицуулах төслийг тус байнгын хороодоор хэлэлцсэн юм.
Байнгын хороодын хэлэлцсэн өөр нэгэн асуудал бол манай улсын гадаад өр байлаа. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт гадаад өрийн хэмжээ 9.6 тэрбум ам.доллар болчихоод байгааг гишүүд Сангийн яаманд сануулав.
Гишүүн Ч.Улаан: АХБанкнаас авах зээлийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бол бусад гишүүд мөн адил дэмжив. Харин Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө, тусгай замын автобусны асуудал дээр гишүүд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийллээ.
Гишүүн Д.Ганхуяг: Хамгийн гол нь хот төлөвлөлтийг хурдан хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа нийтийн тээврийг. Өнөөдөр хот төлөвлөлтийн асуудал үнэхээр хүнд түвшинд байгааг хэлсэн бол Хотын ерөнхий менежер Ч.Бат:Зам тээврийн нийтийн ашиглалтын хувийг өсгөнө. Тусгай замын цахилгаан автобус нэвтрүүлсэнээр гарах үр дүнгийн одоогийнхоос хэд дахин илүү болно гэв.
Харин УИХ-ын гишүүн Я.Батсуурь: Манайд барих метроны үнэ 4.5 ам.долларын үнэ өртөгтэй. Гэтэл гадаадаас авах зээл тусламжийн нөхцөл байдал ямар байгааг тодруулах нь чухал. Гадаад улс орнууд зээлээ өгчихөөд хэрэг дээрээ өөрсдөө тухайн төсөлд нийлүүлэх техник, тоног төхөөрөмжийг нийлүүлдэг гэдгийг анхааруулсан бол гишүүн Р.Раш: Явган хүний замыг сайн бодолцох хэрэгтэй. Одоохондоо манай хотод явган хүний олигтой зам алга. Хар л даа та нар гэв.
Шинэ төлөвлөлтөндөө ногоон бүсээ онцгой анхаарах хэрэгтэйг гишүүн Д.Одхүү сануулсан бол, гишүүн Д.Загджав: АХБанкнаас авах зээлийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж байна. “Хөшигтийн хөндийд” ирээдүйд баригдах дагуул хотын төлөвлөлттэй уялдаа холбоотой ажиллахыг ажлын хэсэгт анхааруулав. УИХ-ын гишүүн Даваасүрэн: АХБанкнаас авах зээлийн нөхцөл чамгүй сайн нөхцөл. Зээлээ авах хугацаа ч хол байна. Арилжааны зээл гэдэг бол нэг талын бизнес шүү дээ. Тийм болохоор манай талд ашигтай гарч байгааг хэллээ.
Шинэ хот төлөвлөлт, АХБанкнаас авах зээлийн асуудал хэсэг хэлэлцсэний эцэст хоёр байнгын хорооноос таван гишүүнтэй ажлын хэсэг байгуулахаар болов. Тус ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг томиллоо.
А.Төмөрсүх
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )