УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаараа Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулъя гэсэн саналыг хэлэлцээд хүлээж авах шийдэлд хүрсэн байна. Гэхдээ болзолтой. Тодруулж хэлбэл, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгууль нь УИХ-ын сонгуулийн нэгэн адил зарчмаар явах ёстой гэж үзсэн байна. Ингэснээр можаритор давамгайлсан пропорцианаль хувилбар агуулагдах ёстой гэжээ. Энэ нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 45 суудлын 15 нь пропорацианаль хувилбараар явна. Мөн саналын хуудсыг автомат машинаар тоолж дүнг гаргана гэж үзсэн байна.
Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгээс цөөнхийн бүлэг аливаа асуудалд хугацаагүй завсарлага авч байгаад хязгаар тогтоох шаардлагатай гэж үзсэн. Энэ асуудлыг мөн цөөнхийн бүлэг хүлээж авах шийдэлд хүрсэн. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь энэхүү болзлуудаа эргүүлээд УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлнэ. Тус бүлэг асуудлыг нэгмөр хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн нөхцөлд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг УИХ-аар батлах боломж бүрдэнэ.
Нэг зүйлийг онцлоход, УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллах ёстой гэж үзжээ. Хэдийгээр сонгуулийн товыг хараахан зарлаагүй байгаа ч нэр дэвшихийг горилогсод хууль зөрчин сонгогчдод бэлэг сэлт тараахаас эхлүүлээд олон ноцтой үйлдлийг гаргах болсон. Тиймээс улстөрийн намууд нь сонгуульд нэр дэвшихээр горилогсдыг энэ мэтээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд нэр дэвших жагсаалтаас нь хасах зэргээр дотооддоо хариуцлага тооцож эхлэх шаардлагатай гэж үзсэн байна.
А.Төмөрсүх
Сэтгэгдэл ( 0 )