УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэд хэдэн журмын тогтоолын төслийг дэмжлээ. Уг тогтоолуудад “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”, “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн маягт”, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн маягт”, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”, “Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг” багтсан юм.
Ингэснээр 2012 оны хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн албан хаагчдын “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг шинэчлэн бүртгэх ажлыг 2012 оны наймдугаар сарын 15-ны дотор зохион байгуулахыг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон бөгөөд ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.
Байнгын хорооны энэ тогтоол батлагдсантай холбогдуулж “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай” УИХ-ын 2007 оны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь шийдвэрлэв.
А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )