Өнөөдөр “Монгол нюьс” мэдээллийн төвд “Монгол хүн л юм бол” хөдөлгөөнөөс “Үнэнийг илчилнэ” сэдэвтэй хэвлэлийн хурал хийлээ. “Нам бус залуусын нэгдэл”-ээс энэ хөдөлгөөнийг эхлүүлсэн бөгөөд иргэн бүр монгол хүн л юм бол эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх хэрэгтэй гэдгийг уриалж байлаа. Тус хөдөлгөөний зохион байгуулагчид “Залуучууд бидний нүдээр харахад улс төрчид нэгдүгээрт намын эрх ашгаа тавьдаг. Дараа нь өөрийнхөө хувийн эрх ашгийг хамгаалдаг. Хамгийн сүүлд эх орноо боддог юм шиг санагддаг” гэсэн бөгөөд өнөөдөр УИХ-ын 76 гишүүнд хандан захидал хүргүүлжээ. “ Улс төрчид талцаж, хагаралдаж байгаа нь зөвхөн намын эрх ашгийн төлөө байдаг бөгөөд энэ нь монголын залуучуудыг хооронд нь хагаралдуулж эхэлж байна “ гэж тус хөдөлгөөнийхөн үзсэн байна. “Монгол хүн л юм бол” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэгтэй цөөн хором ярилцлаа.
-Төрийн толгойд намууд талцаж, хагаралдаж байгаа учраас монголын ирээдүй хагарч байна гэлээ. Энэ байдал яг юун дээр илүү анзаарагдаж байна вэ?
-Бид энэ аянаа эхлэхийн өмнө Монголын оюутны холбоо, АН-ын оюутны холбоо, Оюутны үйлдвэрчний холбоо, МАХН-ын оюутны холбоо, “Ногоон нам”-ын гэх мэт бараг бүх намын оюутны холбооны төлөөллүүдтэй уулзсан. Харамсалтай нь үүнд МАН-ын оюутны холбоо оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
-МАН-ын оюутны холбооны зүгээс уг уулзалтанд оролцох боломжгүй гэдгээ хэрхэн тайлбарласан бэ?
МАН-ын оюутны холбоо оролцохгүй гэдэг шалтгаанаа тайлбарлахдаа “ Энэ үйл ажиллагаа чинь бид бусад оюутны холбооны нэр хүндийг өсгөсөн юм шиг нэвтрүүлэг болчих юм байна. Тийм болохоор оролцохгүй” гэсэн хариултыг өгсөн.
- Та нарын хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
Үнэхээр л оюутан залуусынхаа төлөө гэсэн зорилго, үйл ажиллагаатай байсан бол залуусынхаа асуудлын талаар ярилцах ганц цагийн уулзалтад ирж болох л байсан. Гэвч ирээгүйд бид харамсаж байна.
-“Монгол хүн л юм бол” хөдөлгөөнийхөн ямар үр дүнг хүлээж байгаа вэ?
-“Монгол хүн л юм бол” хөдөлгөөн бол нам бус залуусын хөдөлгөөн. Тиймээс бид эцсийн үр дүнд монголын залуучууд намчирхаж, талцаж байгаа байдлаасаа гарч “Монгол хүн л юм бол” эх орноо нэгдүгээрт тавьж нийгмээ сайхан зүйл рүү залдаг, чиглүүлдэг байхыг л хүсч байгаа юм.
-Хэвлэлийн хурлын үеэр монголын залуучууд нийгмийн амьдралд оролцоо муутай хариуцлагагүй байна гэж шүүмжилж байсан. Энэ нь юун дээр түлхүү харагдаж байна вэ?
-Тухайлбал бид ажилд орох хүсэлтэй залуучуудаа ажилд зуучилж өгдөг. Гэтэл тэд маань цагаа барьдаггүй, туйлбаргүй, цадиггүй байдаг. Энэ нь ажилдаа гологдох үндсэн шалтгаан болдог. Манай хөдөлгөөний бас нэгэн зорилго нь залуучуудыг энэ байдлаас нь гаргахад чиглэгдэж байгаа.
Та бүхэн “Үнэнийг илчилнэ” гэх сэвдээр хэвлэлийн хурал зарласан. Гэтэл сая яг ямар үнэнийг илчлэх гээд байгаагаа тодорхой дурьдсангүй?
Бидний яриад байгаа үнэнийг илчлэх асуудал бол ямар нэгэн улс төрчийн авлигал, хээл хахуулын талаарх асуудал биш л дээ. Гэхдээ оюутны холбоод нэрийн доор улс төрчийн гар, хөл болж үндсэн зорилгоо умартдаг дүр төрхийг илчлэн оюутан залуусынхаа төлөө ажиллаасай гэдгийг л ярьж байгаа юм.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )