Энхтайвны гүүрийг өргөтгөн, автобусны 64.5 км тусгай замтай болно

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26

УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.
Манай улсын нийслэлийн хүн ам 1.5 саяд хүрч, нийт иргэдийн 60 хувь, жилд 220 сая зорчигч, өдөрт 600 гаруй мянган хүн нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байдаг юм байна. Харин хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр шинэ бүтээн байгуулалт, оновчтой зохион байгуулалт бүхий авто замын сүлжээ, дэд бүтэц шаардагдах болжээ.

Тиймээс Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 7-10 жилийн хугацаанд 3 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд АХБ-аас 215.9 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр тусгажээ.

Энэхүү хөрөнгөөр Энхтайвны гүүрийг өргөтгөн, тусгай замын автобусны үйлчилгээг 64.5 км замд нэвтрүүлэн, тусгай замын автобус 146 ширхэгийг худалдан авах юм байна. Түүнчлэн цахим тасалбарын систем, тээврийн хэрэгслийн байршлыг автоматаар тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэн, нийт 12.3 км замыг засч өргөтгөн, троллейбусны 45.2 км замын дэд бүтцийг сайжруулахаар төлөвлөсөн аж.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top