Н. Энхбаярын оролцон тоглосон жүжгийн талаарх нийгмийн талцал

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26

     Монголын АТГ туслах найруулагч, уран сайхны удирдаачаар нь ажиллан, Монголын цагдаа, тусгай албаны ажилтнууд болон экс ерөнхийлөгч Н.Энхбаяр ба түүний нөхдүүд гол туслах дүрийг нь бүтээсэн “Жоомоо хөөх гээд байшингаа шатаав” хэмээх эмгэнэлт-инээдмийн  жүжиг дөрөвдүгээр сарын 13-ны үүрээр Зайсангийн задгай тайзнаа нээлтээ хийн улс орон даяар шууд дамжуулсан нь  тэр даруйдаа монголын 2,7 сая үзэгчдийг байлдан дагуулж түүхэн рекорд тогтоосныг хэн хүнгүй  санаж буй биз ээ.  Энэхүү жүжиг нь хүн үнэхээр хүсэл сонирхолтой л бол заавал театрт тоглох, заавал театрт очиж үзэх албагүй, жүжигт тоглохын тулд заавал мэргэжлийн жүжигчин байх шаардлагагүй, жүжиг заавал орой  биш бас үүрээр ч тоглож болдог гэдгийг амьдрал дээр нотолсон, жүжгийн зохиолч, ерөнхий найруулагч нар нь энэ дэлхийгээс эрээд сураад ч олдохгүй байгаа /бодвол харь гаригийнхан бололтой/, бас дараа нь үүссэн цуу яриагаар бол уг жүжиг нь эх зохиолоосоо тэс өөрөөр тавигдсан гэх, дүрүүдэд нь УИХ-ын гишүүд гэх мэт өндөр албан тушаалтнууд оролцон тоглосон гээд тоочоод баршгүй олон онцлогтой. Ийм болохоор нь ч тэр юмуу, жүжгийн дараа  зрителийн дунд асар өргөн хүрээтэй маргаан мэтгэлцээн өрнөн, интернет хэрэглэдэг соёлжсон хэсэг нь комментоор хоорондоо маргалдан, цахим биш бодит ертөнцөд оршин тогтнож  бор хоногоо өнгөрүүлдэг дийлэнхи хэсэг нь хэл амаараа хэрэлдэн талцаж,  жагсаал цуглаан хийцгээн нэг хэсэгтээ л наян юм болсоон нийгэмд. Эл жүжигт тоглосноороо экс ерөнхийлөгчийн маань рейтинг эрс огцом өссөн нь АТГ-ынхны ач буян гэлтэй. Бараг урд өдөр нь л балин хамарт энэ тэр гээд гоочлоод сууж байсан нөхөр маргааш нь уг жүжгийг үзээд уйлцан сууж байх жишээтэй.    Ингээд энэ процессийг өөрийн нүдээр харж, чихээр сонссон хүний хувьд 2 тал болгоод ,яаж талцаж байсныг нь харьцуулаад,  жоохон базаад, багцлаад эмхэлж үзье гэж гэнэт сонирхол төрчлөө.

Жүжгийн сценариар бол цөөхүүлээ тэр олон буутай, сүхтэй “дайсны” эсрэг  нүцгэн гараараа, салаавчнаас өөр зэвсэггүй тэмцэн аргагүйн эрхэнд хүчинд автаад , хөл нүцгэн шахуу баригдаад явсан “ардын баатар” Н. Энхбаярыг дэмжигчид /магадгүй өрөвдөгчид/

Тэдний эсрэг талынхан

Хүний үнэргүй амьтад, хөөрхийг тэгж хөл нүцгэн барьж яваад байхдаа яахавдээ...

Өөрөө ямар ч зэвсэггүй, сул доройгоо мэдсээр байж, эсэргүүцэл үзүүлэхгүйгээр зангиагаа зүүгээд, гутлаа тосолж өмсөөд дагаад явах байсаншдээ....

Нэгэн цагт ХААН  байсан хүнийг арайчдэээ....

Экс битгий хэл одоо ч хаан ширээндээ заларч байгаа хүнийг барихдаа тулбал бариад л явчихдаг дэлхий нийтийн жишиг байнаа тэгж яривал....

Тэр “дайсны” талынхан дотор ХААН  байхад нь дагаад далдаганаад, улыг нь долоож явсан юмнууд зөндөө л байналээшдээ, өөдгүй урвагч новшнууд...

Хохь нээ, өөрөө эхэлж өргөл барьцны журам санаачлан  өөдгүй  новшнуудаа давраачаад,  “Үр могой”-н үлгэрээр өөрийн төрүүлсэн зулзаганууддаа бариулж  байгаа нь энэдэээ...

2-хон  муу шавар амбаарыг ХААН  байсан хүнээсээ харамлаад байхдаа  ч яахавдээ, тэгж ярихийн бол одоогийн хаад ноёд тэр байтугай л юмыг идэж уугаад, гадаадынханд бэлэглээд байгаашдэээ...

Тэр 2 шавар амбаар чинь хотын яг төвд, тэгээд ч доодох газарт нь алт эрдэнэс байгаа болоод ч тэр үү асар их  үнэтэй гэдгийг  та нар мэдэж л байгаашдээ, тэр идсэн уусан бусад ноёдыг нь бариад явбал явна л биз, маньд ямар хамаатайн....

Экс ХААН  маань одоо бүгдийг ухаараад ард олон биднийгээ амар сайханд нь жаргаана гэсээн...

Ягшдээ, “Чоно ба долоон ишиг”, “Улаан малгайт”-н үлгэр л болно биз....

гэх мэтчилэн тоймтой хэдийг нь л толилууллаа, тунгаан бодож, тухлан  саатна биз ээ.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top