УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдаж, чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэж шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж тогтсон байна. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуулийн товыг зарлах, сонгуулийн зардлын хэмжээ тогтоох асуудлыг хэлэлцэхээр болов. Энэ асуудлыг үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, өнөөдөртөө багтаан эцэслэн шийдвэрлэх юм байна.
УИХ-ын сонгууль товлон зарлахтай холбогдуулж Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонсох, түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн талаар сайн ярилцаж дараа нь чадна, чадахгүй гэх асуудал гаргахгүйгээр хатуу тогтож авахыг УИХ-ын дарга энэ үеэр сануулсан байна.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах эсэх асуудлын талаар намын бүлэг шийдлээ даруй гаргаж хуулийн хугацаанд нь хэлэлцэж шийдэх нь зүйтэй, байнгын хороо ч энэ асуудалд анхаарах ёстой гэдгийг УИХ-ын дарга хэлжээ.
Харин нийслэлийн иргэдийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах асуудлаар хуулийн төсөл боловсруулж өргөн барих учиртай юм байна. Иймээс Засгийн газар үдээс хойш хуралдаж энэ хуулийн төсөлд саналаа өгөх бололтой. Тиймээс чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар орон нутгийн иргэдийн хурлын сонгуулийн асуудал нэг мөр шийдэгдэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )