Сонгуульд 16.8 тэрбумыг зарцуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо А танхимд хуралдлаа. Хуралдаанаар  Төрийн байгуулалтын байнгын хороо сонгуулийг товлон зарлах асуудлыг хэлэлцээд УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн хурлын сонгуулийг 2012 оны 6-р сарын 28-ны пүрэв гаригт явуулахаар тогтоолын төслийг баталж, уг тогтоолын төслийг товлон зарлахыг дэмжлээ.

Дараачийн яригдсан асуудал энэ удаагийн сонгуулийн автоматжуулалтын системийн талаар байлаа. Энэ тал дээр гишүүд нилээд маргаантай байсан ба сонгуулын санал тоолох, дүн гаргахад хэрэглэх “Нью Имиж Каст” компанийн нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийг ашиглана гэсэн тогтоолын төслийг гишүүдын олонх нь дэмжсэнгүй.

Сонгуулын ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав энэ сонгуульд зарцуулагдах нийт төсвийг танилцуулсан юм. Энэ сонгуулийн нийт төсөв урьд урьдны сонгуулынхаас арай илүү гэдгийг тэрээр хэлсэн. Гишүүд ч мөн адил ярьж байлаа. СЕХорооноос батлуулсан нийт төсөв 16.8 тэрбум төгрөгийн төсөв энэ жилийн сонгуулийг явуулахад зарцуулах юм байна. Үүнээс үзэхэд дан ганц 300 сая төгрөг нь гэхэд гадаадад байгаа иргэдийн саналыг авахад зарцуулагдах гэнэ. Сонгуулийн бэлтгэл ажлын гол тулгараад байгаа асуудал бол сонгуулийн автоматжуулалтын ажил гэж СЕХорооны дарга мэдэгдлээ.

Гишүүн Н.Алтанхуяг: Сонгууль явагдаж байхад санал тоолох машин гацсан тохиолдолд яах вэ   гэсэн асуултыг тавихад СЕХорооны дарга Н.Лувсанжав: Тухайн машинд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд саналыг гараар тоолохгүй гэдгийг хэлэв.

Мөн цахим үнэмлэхийг гацаасан гэх асуудлаар Ц.Нямдорж сайд руу АН-ын дарга Н.Алтанхуяг дайраад авлаа. Сонгуулиас өмнө ухаалаг гээд нэрлээд байгаа тэрхүү цахим үнэмлэх амжиж гарахгүй гэдгийг холбогдох албаныхан байнгын хорооны хурал дээр  дахин мэдэгдлээ. Ямартаа ч иргэд хуучин үнэмлэхээрээ сонгууль өгөхөөр болоод байна.

А.Төмөр 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top