Өнөөдөр үдээс хойш УИХ-ын гишүүн Ч.Улаан нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 15.00 цагт хэлэлцэхээр төлөвлөөд байна. Улмаар энэ асуудлыг үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Гишүүдийн зүгээс сайд Ц.Нямдоржийг огцруулах үндэслэлээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан явуургүй ажиллагаа болсон тул цагдаагийн байгууллагынхны энэхүү үйлдэлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн юм.
Эл асуудлыг хуулиараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Дээрх хуульд заасан хугацаа өнгөрсөн мягмар гаригт дуусгавар болсон, харин чуулганаар мөн байнгын хороогоор хэлэлцсэнээс хойшхи долоо хоногт хэлэлцэх ёстой тул ямар ч байсан чуулганаар хэлэлцэх хуулийн хугацааг хэтрүүлэхгүй гэж үзсэн бололтой . Өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаад байна. Нөгөө талаас огцруулах төсөл өргөн мэдүүлсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс УИХ-ын дарга болон Ерөнхий сайд С.Батболд нарт хандан “Эл асуудлыг хуульд заасан хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж өгөхгүй бол дараагийн шийдвэртэй алхмыг авах болно” гэж мэдэгдсэн билээ.
Ямар ч байсан УИХ дахь МАН-ын бүлгээс нэр бүхий найман гишүүн дээр нь УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах нь зөв гэж үзэж энэхүү төслийг мэдүүлээд буй. Үүнийг нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд гар өргөн дэмжвэл Ц.Нямдорж сайдын хувьд үлдэх магадлал тун бага байгаа юм.
А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )