Тусгай ажиллагаа гүйцэтгэсэн 15 албан хаагч болон АТГ-ын ажилтнуудыг шалгана

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг  албадан баривчилсан үйл ажиллагаанд Эргүүл хамгаалалтын газар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн 300, ЦЕГ-ын тусгай албаны 15 ажилтан үүрэг гүйцэтгэсэн. Харин Н.Энхбаярын бие хамгаалагч С, өмгөөлөгч О.Баасанхүү нар тэднийг эрх мэдлээ хэтрүүлсэн, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн хэмээн буруутгаж , УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд гомдол гаргаад байгаа. Мөн ХЭҮК ч баривчлах явцад хүний эрхийг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлтээ тус газарт ирүүлж, зохих арга хэмжээг авч, эргэн мэдэгдэхийг  хүсчээ. Энэ дагуу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан тусгай ажиллагаа явуулсан 15 алба хаагчийг шалгаж эхэлсэн бөгөөд АТГ-ын ажилтнуудыг ч хууль бус шийдвэрээр баривчлах гэж оролдсон, галт зэвсэг гаргаж танхайрсан гэсэн үндэслэлээр шалгахаар болсон байна. Мөн тэднийг сэжигтнээр татах үндэслэл бийг эх сурвалж хэлжээ. Тухайлбал “Дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 19-21 цагийн хооронд АТГ-ын мөрдөн байцаагчид гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүс ямар ч зөвшөөрлийн бичиггүйгээр Н.Энхбаярыг баривчлахыг оролдож энэ үеэрээ буу гарган танхайрсан. Тусгай ажилтнуудыг терроризм буюу онц ноцтой гэмт хэргийг таслан зогсооход зохион байгуулалтайгаар оролцуулдаг. Харин шүүхийн захирамжаар баривчлах тохиолдолд тусгай ажилтнуудыг оролцуулах шаардлага байгаагүй”  гэх мэт хэд хэдэн шалгуулах шалтгаан байгаа аж.Баримтын хамгийн ноцтой зөрчил нь Н.Энхбаярыг шүүхийн захирамжаар бус мөрдөн байцаагчийн тогтоолоор баривчилсан явдал юм байна.  

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top