Ц.Нямдоржийн огцрох нь С.Оюун, Н.Энхбат, З.Алтай нараас шууд хамааралтай боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28


Энэ сарын 12-13-ны шилжих шөнө Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа хууль бус байсан хэмээн үзэж Хууль зүй дотоод хэргийн сайдыг огцруулах бичгийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсан. Энэ асуудлыг байнгын хороогоор долоо хоногт, УИХ-ын нэгдсэн чуулганаар 14 хоногт багтаан хэлэлцэх хуультай учир өчигдөр Ц.Нямдоржийг огцруулах эсэхийг байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн юм.

Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг Байнгын хорооны хурлаар 15:00 цагт хэлэлцэх байсан ч байнгын хорооны хуралдаан, чуулган, МАН-ын  удирдах зөвлөл, бүлгийн хуралдааны улмаас хойшилсоор байнгын хорооны хуралдаан шөнө дунд эхэлсэн. Байнгын хороонд  АТГ, цагдаа нар, ТЕГ болон төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, төлөөлөгч ирсэн бөгөөд гишүүдийн асуултад хариулсан юм.  Улмаар байнгын хорооноос УИХ-аар огцруулах асуудлыг хэлэлцэх нь  зүйтэй гэж үзсэнээр үүрээр УИХ-ын нэгдсэн хуралдаан эхэлсэн. Хуралдаан эхлэхээс өмнө МАН, АН-ынхан фракцаараа тоо бодож байлаа. Тодруулбал огцруулах санал гаргасан МАН-ын гишүүд дээр АН-ын гишүүд нэмэгдээд сайдыг огцруулах “ирээдүй” харагдаж байсан. Чуулганаас өмнө МАН-ын гишүүд сайдаа авч үлдэхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан бол Ардчилсан намынхны  тоо МАН-ын гишүүдээс дутаж С.Оюун, Н.Энхбат, З.Алтай гишүүнийг “эрэн сурвалжилж”  зарим нь твиттерээр байр сууриа илэрхийлж байлаа. Гишүүдийг “эрэн сурвалжлах ажиллагаа” амжилтгүй болж сайдыг суудлаас нь огцруулах асуудал бүтэлгүйтэх хандлага ажиглагдсан тул АН-ынхан түр завсарлага авч хуралдааныг орхин одсон. Үүнийгээ АН-ынхан шөнө дөлөөр асуудал шийдэхгүй, МАН-ынхан шөнө дөл болтол хүлгээлгэснийхээ төлөө уучлалт гуйх  хэрэгтэй. Бид ажлын цагаар, гэрэл гэгээтэй үед асуудлыг хэлэлцэх саналтай байгаа тул завсарлага авлаа хэмээн тайлбарлав.

Харин энэ нь МАН-ын гишүүдийн эгдүүцлийг хүргээд зогсохгүй хэрүүлийн алимыг зарим нэг “заргач” гишүүн намын харьяалал харгалзан үзэлгүй  шийдсэнээр сайдыг огцруулах асуудал  даваа гараг хүртэл хойшилсон.

Ц.Нямдорж сайдын хувьд байнгын хорооны хуралдаан дээр “пээдгэр” загнаж, учирлаж, хэлэх гэсэн үгээ хэлж байлаа. Харин ордонд гүн бодол болон алхаж явсан юм. Сайдын юу бодож байсныг таахын аргагүй ч хөндлөнгөөс харсан хүмүүс хулхи нь буучихаж, арын хамгаалалтаа хийсэн хүн дараагийн нүүдлээ бодож байна гэх мэтээр өөрийнхөөрөө дүгнэж байлаа.

Юутай ч  даваа гарагт  сайдын асуудлыг  шийднэ.  Энэ үеэр С.Оюун, Н.Энхбат, З.Алтай гишүүн ямар шийд гаргахаас Ц.Нямдоржийн огцрох эсэх нь шийдэгдэхээр боллоо.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top