АН-ынхан нүдээ аниад, шүдээ зуугаад дэмжинэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 29

Өнгөрсөн долоо хоногт төрийн ордон дуу шуутай байлаа. Чуулган хуралдаж удахгүй болох сонгуулын тов, төсвийг баталчихлаа. Цахим үнэмлэхний талаар жаал хэрэлдээд авлаа. Иргэд хуучин үнэмлэхээрээ сонгууль өгнө гэдэг ч тодорхой болсон. Үлдсэн ажлуудыг  Сонгуулийн ерөнхий хороо хариуцаж сонгууль явуулахад  ямар нэгэн асуудал гаргалгүйгээр бэлтгэл ажлаа сайн хангахыг Их хурлын дарга мэдэгдсэн. Харин долоо хоногийн сүүлчээр нэг тийшээ болох ёстой байсан сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудал хараахан шийдэгдэлгүй чуулган завсарласан. Ирэх долоо хоногт хэрвээ сайд огцорвол сонгууль болтол түүний үүрэгт ажилд хэн томилогдох бол, Гишүүн Д.Загджав суух болов уу гэсэн бор шувуу ордноор эргэлдсэн. Энэ ч үнэний ортой байж магадгүй. Яагаад гэхлээр тэрээр сайдыг огцруулах нэр бүхий гишүүдын нэг бусад талаараа ч сайдын суудалд тохирох хүн гэцгээгээд байгаа.

Зарим эх сурвалжууд Ц.Нямдорж огцрохгүй бусад намын цөөн гишүүд түүнийг огцруулахад нөлөөлөх учиртай хэдий ч огцруулах саналыг тэд дэмжихгүй гэдгийг мэдээлж байна. Ардчилсан намынхны хувьд уухайн тас нүдээ аниад, шүдээ зуугаад дэмжих нь ойлгомжтой. Тийм хэдий ч ардчилсан намын гишүүдынх нь ирц бүрдэхгүй бол түүнийг огцруулж чадахгүйд хүрнэ. Ц.Нямдоржийн хувьд өөрийнхөө саналаар шууд огцрохгүй гэдэг нь ойлгомжтой. Хэрвээ тэрээр огцрох юм бол ирэх сонгуульд тун тааруу амжилт гаргах хандлага ажиглагдаад байгаа. Тиймээс түүний дараачийн суудал Үндсэн хуулийн цэц гэдэг “шум” гараад амжлаа.

Экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг сонгуулиас өмнө суллах магадлал тун бага болсон энэ үед сайд танхимаа орхичихоод чимээгүйхэн сонгуультай золгож  мэднэ. МАХН-ынхан даргагүй, сонгуульд яаж ялалт байгуулахыг  МАН-ынхан  болон Ц.Нямдорж  харна даа гэж бодож суугаа. Гэвч МАХН-ыг эзэнгүйдүүлэхгүйн тулд Ч.Улаан нарын гишүүд хуучин намдаа элсэж нэгэн үзүүрт сэтгэлээр сонгуульд өрсөлдөх гэнэ. Нэр бүхий гишүүд МАХН-д элсэх гээд байгаа гол шалтгаан нь Экс ерөнхийлөгчийг хууль бусаар ёс зүйгүй баривчилж, гишүүдын халдашгүй бүрэн эрхэнд халдсан гэх өч төчнөөн гомдоллол бий л дээ.

Үнэндээ эдгээр нэр бүхий гишүүд ийм асуудлаас болж намаасаа гарах гээд байна уу эсвэл намаасаа нэр дэвших шаансгүй дээ ингэх болсон уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Энэ жил тойргуудад мандатын тоо цөөхөнтэй учраас хашир бурхинууд нүхээ малтаж байж ч мэдэх талтай.  

Долоо хоногийн сүүлчээр Н.Энхбаярыг дахин хоёр сараар хорихоор хугацааг нь сунгачихсан. Түүний өмгөөлөгчийн мэдээлснээр тэрээр сонгуульд өрсөлдөх сурагтай. Н.Энхбаярыг хууль дуудсан цагт очоогүй учраас л одоогийн байдалд хүрчихээд байгааг Монгол улсын Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзах үеэрээ хэлээд авсан. Тэрээр монголд хэний үед авлига цэцэглэж, хэний үед авлига буурч байгааг та бүхэн мэдэж байгаа гэж хэлээд иргэдээс бөөн оноо авналээ. Үнэндээ өнөөдрийн байдлаар манай улсын авлигын индекс өсчихөөд байхад буурсан гээд хэлчихэж болж л байгаа юм байхдаа. Ёстой л эрхэм Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлсэнээр хошгируулна гээч нь болоод байх шиг. Гэхдээ үнэхээр авлига багассан бол сайн л байна шүү. Энэ мэтчилэн үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Ирэх долоо хоногоос сонгуульд өрсөлдөх намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж эхлэх сураг ажиг дуулдлаа. Бас яана гэж уран донгодож ард түмнийг молигдсон мөрийн хөтөлбөрүүд дуулдах бол доо. Иргэд энэ сонгуульд хашир оролцох нь дамжиггүй тул тийм ч амархан хууртахгүй дээ.

А.Төмөрсүх 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top