Сүүлийн өдрүүдийн гол сенсаац бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямдоржийг огцруулах асуудал байлаа. Томчууд маань орондоо унтах ч завгүй огцруулах асуудлаа хэлэлцээд үүр цайлгасан боловч ямар ч шийдэлд хүрч чадалгүй Даваа гариг хүртэл хойшлуулсан. Нийгэм тэр чигээрээ энэ асуудалд анхаарлаа хандуулан, хүн бүр л нүдээ бүлтийлгэж, чихээ сортойлгон ажиглаж, асуудал хаашаа ямраар эргэхийг өөр өөрийнхөөрөө таамаглацгааж байна.
Ойрын үеийн мэдээнээс харахад АН-ынхан тэр чигээрээ нүдээ аниж байгаад кнопоо дараад, дээр нь С. Оюун, Н.Энхбат, З. Алтай нарын гуравдагч хүчний 3 гишүүн нэмэгдээд дарчвал асуудал бараг шийдэгдчих талаар яригдаж, бас АН доторх Увс “намын” нөхдүүд эсрэг кноп дарчвал яах бол гэсэн сэрдлэг яваад байгаа.
Хүмүүсийн үзэж буйгаар МАН-ын өмнө хоёр салаа зам байна: Нэг бол Нямдоржийгоо авч үлдээд ирэх сонгуульд нам даруулах, эсвэл намаа аврахын тулд нэг сайдаа золиослох. Хэрэв Нямдорж үнэхээр л намдаа хайртай юм бол өөрийнхөө хүсэлтээр шууд огцорсон нь хамаагүй дээр хувилбар харагдаж байна, тэгээд ч өөрийнх нь нэр хүндэд бас тустай, сандал ширээтэй зууралдаад байдаг шар чавганц биш, жинхэнэ мужик гэдгээ харуулах боломжтой. Ингэж шийдэхгүй ээ гээд өөрийнхөөрөө гүрийгээд суучихвал энхрий хайрт нам нь яг л хоёр эхнэртэй хүн самсаа нь шарлаад үнэн зовиуртай байдаг шиг болох нь тодорхой.
Өөр нэг өнцгөөс харвал, Нямдоржийн хувьд өөрийгөө буруугүй гэж бодож байгаа тохиолдолд өөрөөс нь өчнөөн илүү но-той нөхдүүд одоо бүгд энхийн цагаан тагтаа царайлчаад огцруулах гээд байгаа бол мань хүний шал дургүй нь хүрээд, шийр заагаад гүрийгээд суугаад байж чадахаар, тэртэй тэргүй бүгдийнх нь но-г аль хэдийн диспетчер шиг яг таг бүртгэчихсэн байгаа цаадах чинь. Иймэрхүү зүйлд гаршсан гэдэг нь Энхбаяр, Женко Баттулга энэ тэртэй хэрэлдэх үед нь маш тодорхой харагдсан. Харин онцлог нь тиймэрхүү баримт фактыг улсынхаа эрх ашгийн төлөө бол задалнаа ёстой гонжийнжоо, харин өөрийнх нь аминд тулсан үед л сөхөж гаргаж ирээд байдаг нь үнэхээр хачирхалтай, энэ нь нэг талаас өөрийн эзэмшсэн мэргэжил, мэдлэг чадвар, албан тушаалаа эх орон, ард түмнийхээ төлөө бус хувьдаа урвуулан ашиглаж байна гэж үзэхээс өөр аргагүй. Хэрэв үнэхээр л үнэнч шударга хүн юм бол албан тушаалын чиг үүргийн дагуу алдаа дутагдал, авилгалыг тэр даруйд нь таслан зогсоох ёстой бус уу. Гэтэл өөртөө хэрэг болж магадгүй гээд задлахгүй хав дарчаад, хэзээ хойно гаргаж ирэн, чи тэдийд тэгээ биз дээ гээд бусдыг шантаажлахдаа үнэн мэргэжсэн гэмээр. Одоо ч МАН-ынхан дотор Нямдоржоор ингүүлэх нөхдүүд зөндөө байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна, тэгээд л огцруулж ч чадахгүй, яаж ч чадахгүй сонин байдалд орчихоод байгаа нь хэнд ч ойлгомжтой. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, Их хурлын эрхэм гишүүдийн хувьд Нямдоржийг огцруулах энэ асуудалд хэрхэн хандснаас нь ирэх сонгуульд ямар үр дүн үзүүлэх магадлал өндөр байна.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )