Тулнуудын тулаан

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30

Авилгатай тэмцэх газрыг тулнуудаас айхдаа муусайн жараахай ноолоод байна гэх шүүмжлэл бий. Гэтэл ядуусын азаар аварга тулнууд хоорондоо арсалдаж эхлэв. Яагаад “ядуусын азаар” гэв ээ гэвэл тулын аль ч сүрэг ард түмний цусыг сорж, ядууруулсан билээ. Тэгэхээр тэд цөм ядууст халтай. Тэднийг дагасан жараахайн сүрэг ч ядуустаа эрлэг. АТГ-ын удирдлага шинэчлэгдэв. Олон нийтэд горьдлого төрлөө. Горьдлого маань авилгачдаас салах эцсийн найдвар. Хоёр хуваагдсан тулын сүргийн алалдаанаас ядуус сэхэл, ашиг, хөгжил, шударга ёс горьдоно. Өдгөө нийгэм хоёр хуваагдсан тулын сүрэг ба ядуус гурваас бүрэлдэж байна. Тулаанаас ашиг хэнд нь гарах бол?

Н.Энхбаяр Ц.Нямдорж хоёр хэрэлдэж эхэлснээр авлигын асар том уурхайнууд дэс дараалан орвонгоороо илрэх магадлал сүүтийв. Энэ хоёр ноёны тэмцэлд хэрхэн хандсанаас ядуус хожно. Хэн нэгний нь талд хэтийдэж, нэгий нь нөгөөгөөр бут цохиулбал ядуус өрсөлдөгчгүй дураараа дургисан ганц сүргийн эрхшээлд эгүрт орж, улам дарлуулж, улам доройтно. Иймд тулалдаж буй тулын хоёр сүрэг хоёулаа ядууст хэрэггүйг ухаарч хоёулангаас нь салахын төлөө нэгэн үзүүрт тэмцэлд нэгдэх сэн. Гацаанаас гарах гарц зурайж байхад жижиг намууд, хэвлэл мэдээлэл тулын тулаанаас хувийн ашиг хонжоо олж долоохоор дор дороо увайгүйтах нь харамсалтай.


Авилгын загалмайлсан эцэг-аварга тул Н.Энхбаярыг барьчихлаа. АТГ жараахайтай бус тултай тулалдаж эхлэв. Одоо муусайн тулнуудыг тусгай ажиллагаагаар цувруулна гэж АТГ хөөрцөглөв. Хэмлэлцэж эхэлсэн хоёр тулын нэгийг нам цохьсон ч нөгөөг УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэхэмжлэлээр шалгах гэж очоод прокурорт хоншоор дундуураа ганхийх сөгөөгүй татуулаад шившигтэй буцсанаа АТГ мартамгүй. Түрээсийн байр, Зайсан дахь тансаг хотхны 370 гаруй саяын ордон, Тавантолгойн 100 гаруй хүнд даацын машин, ах дүүсэг нутаг нугын томилгоо гээд илчилж цөхөмгүй олон будилаан ил байна. АТГ үүнийг шалгах эрхгүй. Жинхэнэ үнэн ялгараагүй ийм нөхцөлд Б.Хурцад баатар, Э.Амарбатад гавъяат хуульч цол олгоё гэсэн мэдээ сонинд гарсан нь манай нийгмийн байж буй царайг, даанч дээ гэж шүүрс алдмаар.

Авилгын загалмайлсан эцэг-тулыг баривчилж, баатарлаг гавъяа байгууллаа гэж хөөрч шүлэнгэтээд буй хүмүүсээс асуух зүйл байна. Н.Энхбаярыг дийлсэн нөгөө талын аймшигт сүрэг тулыг та нар яах гэж байна? Барих гэж байна уу? Ёстой лөө лөө байлгүй. Эсхүл тэр сүрэгт хөлслөгдөөд байна уу? Ц.Нямдоржийн талын тулнууд чинь, эдүгээ төр засгийн хамаг эрх мэдлийг атгасан маш хүчтэй сүрэг. Хүчтэй сүргийг бат ялна гээд тэдэнд сайн долигновол ахиухан бялуу хүртэнэ гэж тооцоод байна уу? Чухамхүү тэд өдгөө ард олныг шулж байна. Унагах ёстой гол тулнууд чинь тэд. Ямар ч албан тушаал эрх мэдэлгүй сулдаа ганхаж яваа Н.Энхбаярын цөөвтөр сүрэг Ц.Нямдоржийн олуулаа сүргийг бодвол гарын дор. Ноёрхогч хүчирхэг сүргийг төр засгийн эрх мэдлээс хөөн зайлуулахад эх орон хүчин мөхөстөж буй. Ядуусын тэмцэлд хань хамжаа чухал байдгийг түүх гэрчилнэ. Хэн ч бай хамаагүй гагцхүү ханиндаа, дэм дэмэндээ хамгийн аюултай тулнуудыг лааз өшиглүүлж, нийгмээ ариусгахад олны хүч оломгүй далай гэдгээр Н.Энхбаяр нартай ядуус хүч хавсрахад юу нь буруу гэж. Н.Энхбаярыг дагасан Удвал, Цог, ардын жүжигчин Гантөмөр, зохиолч Хуушаан гэх мэт “тул”-нуудаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гарч ирээд дарангуйлна гэж айх инээдтэй. Ард олныг хий хоосон мангаагаар айлгаж буй арга ядалт юм биз дээ чааваас. Тэднийг ард түмэн тэгж давруулах ч үгүй. Тэд чадах ч үгүй. Тэдэнд тийм том санаа төрөх ч үгүй. Харин тэдэнд олигархиудыг унагах хүсэл бий. Энэ хүсэл хэнийх байх нь хамаагүй ядууст хэрэгтэй юм биш үү. Ашигт малтмалын лицензээр хэхэрч, гадныхны гар хөл бологч тулнуудыг ардын шударга хөвгүүдээр солиход хэнтэй ч нөхөрлөсөн яадаг юм бэ. Аварга тулнууд хуйвалдаж, Н.Энхбаяраар туг дахиад, ноёрхлоо дархлаажуулж буйг ухаарч байна уу, дүнхүү ядуусаа.   

Тэр бүр заяахгүй тэнгэрийн умдаг ардчилсан нам атгачихав. Хурмастын эрхтэ\нийг АН эртэй сайндаа шүүрч атгаагүй. Тэнэг намын хямраан тэдний атганд тийм эрдэнэ атгуулчихаж. Гэтэл ардчилагчид маань Н.Энхбаярыг амьсгаагүй болтол нүдье хэмээн хийрхэж, төр засгийн эрх барьж буй хүчирхэг бүлэгт ая тал засаад жигтэйхэн. Төрийн эрх мэдэл авах тэдний тэмцэлд ганц Н.Энхбаяр халгаатай юу, эсвэл Ц.Нямдорж С.Баяр нарын эзэрхэг түрэмгий сүрэг хөнөөлтэй юү? АН-д хоёр тулын тэмцэл эцсээ хүрч, хамаг шившгээ дэлгэлцвэл, сэдэрсэн мөрөөр нь цааш ухах хужир баймаар. Тэгсэнгүй, зогсоочихлоо. Гүнзгий ухвал өөрсдийнх нь бөгс хөндүүрлэх байв уу, яав. Нам дамнасан олигархиуд дахиад өвөртөө орж, эх орны баялгийг хамсан хулгайлах хувилбараа орхиогүй дэг ээ.    

Н.Энхбаяр Ц.Нямдорж хоёроос дээш, төсвөөс төрсөн аварга тулнуудын дунд яс хаяж, тэдний хоорондын хэрүүлийг өгдөөж байгаад бие биеийнх нь хулгайг харилцан ухуулаад, муухай юмнуудыг улс төрийн тавцангаас зайлуулж, төр засгаа шинэ залуусаар сэлбэх сэн. Тийм сачий ядууст байхгүй дээ. Н.Энхбаяраас хойш тулнуудын хэрүүл унтарч, тэврэлдвэл, ядуус эргээд л бахь байдаг хог дээрээ үсэрнэ. Ард түмнээ ганц хонь гэж бод. Хоёр чоно нөгөө ганц хонийг идэх гэж булаацалдвал ганц хонь хоёр чонын алийг нь ялаасай гэж залбирах  вэ? Хоёр чонын аль нь ч дийлсэн муу хонийг хүртэж л таарна. Болж өгвөл хоёр тулыг хооронд нь баахан хэмлэлцүүлэх байсан юм. Тэгсэн бол ч их юм цухуйсан даа. Цухуйсан авилгын мөрөөр мөшгөх дуршил Ерөнхийлөгч, ерөнхий прокурор, АТГ-т байгаасай билээ. Харамсалтай нь юу юуны духанд хүргэлгүй нэгний нь толгойлогчийг яаран шоронд хорьчихсон болохоор одоо ядуус юугаа горьдох билээ. Гагцхүү ялсан тулнуудад мөлжүүлж, хүссэн хүсээгүй тэднийг толгой дээрээ залах гашуун хувь тавилан л үлдэх шив. Ялсан тулнууд арсалдах тулгүй болж амраад, ирэх сонгуулиар төр засгийг хөнгөхөөн луйвардан авч, ганцаар ноёрхохыг гагцхүү үзүүлээд өгнө биз. Ямар сураагүй юм биш. АТГ хоёр дахь тулыг баривчлах нь бүү хэл өөрөө залгиулах байлгүй.

 Ц.Доржготов

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top