Д.Балдан-Очир, Р.Раш нар Ц.Нямдоржийг огцруулах хүсэлтээс нэрээ татжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30


 

ХЗДХ-ийн сайд Ц.Ням­дорж улс төрийн хүрээнд, тэр тусмаа Ардын нам дотор ямар чухал хүн болохоо ха­рууллаа. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал өнгөрсөн баасан гарагт шөнийн 02 цагт эхэлж ЦЕГ, АТГ-ын удирдлагуудыг байлцуулан үүр цайтал хуралдсан юм. Эцэст нь 17 гишүүнээс найм нь “огцруулахгүй” гэсэн санал өгс­нөөр Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайдаар үлдэв. Гэхдээ ганцхан гишүүн гар өргөхөд л тэрбээр суудлаасаа ховхрох байсан гээд бодохоор тун эгзэгтэй байгаа биз. Энэхүү нөхцөл байдал түүнийг хэчнээн зүтгэж хичээж байж сайдын суудал дээр тогтож үлдсэнийг харуулсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал болон Хууль зүйн байнгын хорооны хурлын дараа МАН-ын ги­шүүдийн зарим нь “Нэгэнт намын шийд­вэр гарсан хойно дагахаас яах вэ. Түүнээс биш маш бу­руу жишиг тогтоолоо” хэ­мээж байв. Мөн “Эцсийн үр дүн нь ойлгомжтой учраас хуралд оролцохоос ч дургүй хүрсэн” гэж ярих ч гишүүд таарлаа. Ямартай ч ХЗДХ-ийн сайдыг намын сүр хүчинд дулдуйдан авч үлдсэн нь МАН-ын олонх гишүүдэд таалагдаагүй бололтой.

Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байнгын хорооны хуралдаан дээр асуудлыг учир­лан тайлбарлаж байсан бол тэсэж үлдсэнийхээ маргааш нь телевизээр ярилц­лага өгөхдөө “Хэдэн балгасны төлөө юун сүртэй юм бэ”, “Намайг байхгүй бол Мон­голд хууль байхгүй.  Хэн дуртай нь хүссэнээ хийх болно” хэмээн ихэрхэж байв. Түүний хамгийн том дутагдал бол энэ. Тэрбээр телевизийн сэтгүүлчтэй хийсэн ярилц­лагынхаа төгсгөлд “Би бол Монголын хууль, Монголын сүүлчийн хуульч” гэсэн энэ омгорхол ямар ч үед түүнийг дэмждэг “фэнүүд”-ийг нь хүртэл цочоож дургүйцлийг нь төрүүлсэн юм. Гэвч түүнийг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэ­лэлцэх учиртай.

Энэ бүхэн олон нийтэд ил болсон үйл явдал. Харин хөшигний цаана юу болсон бол.

Юуны өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг өргөн барьсан есөн гишүүн эдүгээ долуулханаа болжээ. Д.Балдан-Очир, Р.Раш нар нэрээ татаад авчихаж. Өөрөөр хэлбэл Ц.Нямдорж тэднийг найраад, эсвэл “айлгаад” өөрийнхөө талд татчихаж дөнгөсөн байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэр хоёртой тус тусад нь ганцаарчилж уулзсан гэсэн мэдээлэл ч бий. Тэгэхээр тэр хоёрын “амыг үдэх”-д хамгийн амархан байжээ гэсэн үг. Р.Рашийг “Х.Баттулгын төмөр замын төслийг дэмжлээ” гэж, Д.Балдан-Очирыг “Алтан медальтай хуц импортлохдоо авлига өгсөн” гэж л ялладаггүй юм бол”хөөрхий” тэр хоёрт Ц.Нямдоржоос айх шалтгаан байхгүй билээ. Тэгэхээр “Ирэх сонгуульд өрсөлдөх тойрог өгөхгүй шүү” гэхээс өөр тэднийг шантаажлах асуудал байгаагүй л болов уу. Учир нь Д.Балдан-Очир гишүүн ердөө долоохон хоногийн өмнө “Ц.Нямдоржийг огцруулна гэсэн зорилгоосоо няцахгүй” гэдгээ мэдэгдсэн юм.

Хамгийн сонирхолтой нь Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцсэн МАН-ын бүлгийн хурал дээр Ц.Нямдорж “Долоон жил сайдаар ажил­лалаа. Одоо дахиад яасан ч сайдаар ажиллахгүй” гэж амласан байгаа юм. Тэгэхээр МАН-ынхан хү­чээр сайдаар нь үлдээгээд байгаа ч юм шиг хачирхалтай дүр зураг ха­рагдаж байгаа биз. Үүний цаана “Бит­гий огцруулаач. Сүүлийн удаа сайд хийхдээ ийм эвгүй байдлаар явмааргүй байна” гэсэн гуйлт ч цу­халзах шиг. Мөн Ц.Нямдорж “Намайг шүүхэд өгчих, хорьчих” гэхч­­лэн бардамнаж, удаа дараа ха­риуц­лагагүй мэдэгдэл хийж зүй бус авирласныхаа  төлөө намын нөхдөдөө зэмлүүлж, бүлгийн хурал дээр гишүүдээс уучлал гуйсан гэнэ. Хэ­дийгээр албан ёсоор биш ч гэсэн намынхан нь түүнийг ийнхүү бүлгийн гишүүдийг хүндэтгэн уучлал хүссэн үг унагасныг сайшаах, бас өрөвдөх, эсвээс сонгууль ойртсон учраас жү­жиглэж байна хэмээн зэвүүрхэх гэхч­лэн янз бүрийн өнцгөөс харж байгаа ажээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Ц.Нямдоржийг хамгийн их эсэргүүцсэн хүн бол Д.Загджав гишүүн байсан аж. “Чи Н.Энхбаярыг хорино гэж эртнээс ярьсаар байгаад хорилоо” хэмээн бухимдаж байсан тэрбээр “Нууцаар санал хураах ёстой” гэж цамнан Ц.Нямдоржийг жин­хэнээсээ айлгаж орхижээ. Түүний цамнахыг бүлгийн гишүүд арайхийн дарж авсан юм байх. Хэрэв нууцаар санал хураасан бол Ц.Нямдорж гарцаагүй огцрох байсан. МАН-ын бүлгийн хуралд түүнийг цээжээрээ хамгаалдаг С.Баяр нь оролцоогүй. Харин У.Хүрэлсүх оролцсон боловч тэгтлээ “чанга” дуугараагүй байна. Түүнд энэ удаад дуугүй байх хангалттай шалтгаан бий.

Д.Загджав гишүүн “Нууцаар са­нал хураая” гэдэг саналаа Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ч тавьсан. Байнгын хорооны ху­рал­даан дээр Ц.Нямдоржийн хэлсэн үгийн гол агуулга нь “Шүүгчийн захирамжаар хийж байгаа энэ ажиллагаанд би албан тушаалаа ашиглан оролцож болохгүй. Хууль зөрчиж уг ажиллагаанд оролцсон бол би баривчлах, хоригдох ял хүлээх байсан. Ёс суртахууны тухайд янз бүрийн л яриа байдаг юм. Энэ УИХ намайг ХЗДХ-ийн сайдаар ажилла гэж томилсон. Тэр шийдвэр хүчинтэй байгаа учраас ёс зүйн хувьд би энэ албыг хашиж байгаа” гэсэн юм.

Ирэх долоо хоног мөн л Ц.Нямдорж сайдын хувьд хүнд өдрүүд байх бололтой. Учир нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр нууц санал хураалт явуулж мэдэх юм. Энэ тохиолдолд Ц.Нямдорж лав 80 гаруй хувийн саналаар огцорч мэднэ. Харин илээр санал хураавал тогтож үлдэж мэдэх ч магадлал тун бага. Түүнчлэн АН, МАН дахь найраа нь амжилттай боллоо гэхэд С.Оюун, Д.Энхбат, З.Алтай нар айсуй сонгуулийн өмнө ард түмэнд шударга харагдахаа бодох л учиртай. Тэдэнд ямар Ц.Нямдоржид барьцаалагдах шалтгаан байх биш. Ямартай ч Ц.Нямдоржийг “нам да­рах” цорын ганц боломж олдсон нь энэ байсан гэдэгтэй олон улстөрч санал нэгтэй байгаа юм.

Хэрэв ХЗДХ-ийн сайдаар Ц.Ням­доржийн оронд өөр хэн нэгэн байсан бол гарцаагүй хариуцлага хүлээж байсан. Дахин жишээ татахад “Ми-8” онгоцыг шалгаж хүлээж авахгүй яасан юм бэ” гэдэг үндэслэлээр уг ослын дараа тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Д.Одбаярыг огцруулж байв. Тэгэхэд албан ёсны тоогоор 350, Н.Энхбаярын “тоолсноор” 700 гаруй цагдаа баривчлах ажил­лагаанд оролцож, иргэд, хүчний байгууллагын хооронд багахан мөргөлдөөн үүсчихээд байхад “Мэ­дээгүй” гэж хэлсэн сайд яагаад ха­риуцлага хүлээхгүй байна вэ. Заавал тэр мөргөлдөөн үймээн самууны хэмжээнд хүрч, хүний эрүүл мэнд, амь нас хохирох ёстой байсан юм уу. Тийм биш учраас тоохгүй байгаа юм уу гэсэн асуудал урган гарч байна. Өнөөдөр МАН олон нийтийн нүдэн дээр хариуцлага алдсан сайдаа хамгаалаад аваад үлдэж байгаа нь ирэх сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөхийг нь харж л байя.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top