Одонтой эхчүүдэд сая төгрөг олгох саналыг гаргав

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30

Үдээс өмнө хуралдсан АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Мэдээллийг УИХ Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өгөв. АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа ихэнх ажлуудаа   хэлэлцээд амжжээ. Энэ удаагийн бүлгийн хурлаар Авто замын тухай хуулийн төслийг хэлэлцээд бүлгийн гишүүдын олонх нь дэмжсэн байна.

Бүлгээр хэлэлцэгдсэн дараачийн асуудал нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаанд өөрчлөлт оруулах хуулийн төсөл байжээ. Одоогийн хуулиндаа бол ирэх 2013 гэхэд иргэд газраа өмчилж аваад дуусчихсан байх ёстой. Гэвч газар өмчлөлийн байдал яагаа ч үгүй байгаа учраас хугацааг нь 2018 он хүртэл сунгахаар санал оруулаад бүлгээр дэмжигдсэн гэнэ.

АН-ын бүлгийн хурлаар хэлэлцэгдсэн гол асуудал Одонтой эхчүүдэд мөнгөн тэтгэмж олгох талаарх хуулийн төсөл. Өнөөдрийн байдлаар Хүний хөгжил сангаас олгох гэж байгаа, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийг олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд адилхан өгөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Хүний хөгжил сангийн хууль батлагдаад иргэн бүр хувьцаа эзэмших боломж тун удахгүй бий болно гэдгийг ярьсан.

Өнгөрсөн долоо хоногт СЕХорооны бүрэн эрхийн хугацаа дууссан. Харин дахин сунгах эсэхийг УИХ болон Ерөнхийлөгчийн саналаар шийднэ. Тийм болохоор СЕХороо ямар нэгэн шийдвэр гаргах ёсгүй гэдгийг УИХ дахь АН-ын бүлэг үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Бүлгээс гаргасан бас нэг шийдвэр бол төрийн албан хаагчдыг намаас татгалзуулах байр суурийг илэрхийлж байгааг хэллээ. Энэ асуудлаар Засгийн газарт саналыг хүргүүлсэн учраас УИХ-д оруулж хэлэлцүүлэх юм байна.

Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тал дээр ардчилсан намын бүлэг 100 хувь дэмжиж байгаагаа илэрхийллээ. Сайдыг огцруулах асуудлыг ирэх лхагва гарагаас яригдаж эхлэх байх. АН-ын хувьд өнөөдөр ҮЗХ-ны хурлаараа сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батална гэдгийг дуулгалаа.

А.Төмөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top