“Нялхаст” халтай, нэхэл хатуутай нэгэн бизнес

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

     Энэхүү бизнест бас л нөгөө “Олигархивүүдийн ОД”  Дон Жунай сайд маань оролцсон байна. Дашрамд дурдахад, бид зарим нөхдийн сэрдээд байгаачлан  хэн нэгэнд харшилтайдаа бус, бас хэн нэгнээс хуушуурын хэдэн төгрөг аваад бас биш, харин зүсээ хувиргасан зөндөө товарищууд  зүйрлэшгүй сайхан амьтны баг өмсчихөөд, ИХ ХУРАЛ хэмээх их айлын хаалгыг тогших гээд байгаа тул, итгэж оруулаад “идүүлчихвий” гэж сэрэмжлүүлэх үүднээс иймэрхүү зүйлсийг тэрлээд байгаа билээ.

   Энэ бизнесийн гол агуулга нь Вакцин. Бид өмнө нь Бадамжунай сайд, Биокомбинатын Баттогтох нарын  хамтран хийсэн энэхүү  бизнесийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтийн талаар хангалттай тоо баримтыг дэлгэж тавьсан тул энэ удаа дахин нурших нь илүүц биз ээ.

     Хэрвээ энэхүү вакцин нь монголын мал аж ахуй, малчдад үнэхээр үр шимээ хүртээсэн бол бид хэдий бизнес гэдгийг мэдсэн байсан ч нүдээ аниад, чихээ таглаад өнгөрөөж болох ч  байсан байж магад, гэтэл эцсийн үр нөлөө нь бүр эсрэгээр, урьдчилан сэргийлэх вакцин  маань  үхэл тарих зэвсэг болж хувирчээ. Баруун аймгуудыг бүхэлд нь хамарсан вакцинжуулалтын уршгаар нийт 120 гаруй мянган мал хээл хаяж, малчид өчнөөн их хохирол амссан байна. Энэхүү үзэгдлийн хор уршиг дан ганц мал хээл хаях төдийгөөр хязгаарлагдахгүй, хээл хаяхад гадагшилсан хаг нь ойр орчимдоо бруцеллёзийн нянг тараан малчдыг насан туршдаа тахир татуу болж мэдэх өвчний эрсдэлд оруулж байгаа явдал  юм. Эрхэм сайдтан маань малаа хүнээс илүү дээдэлдэг байсан социализмын үедсэн бол аль эрт "дээлээ нөмрөх" ч багадахаар аюултай нүгэл үйлдчихээд байгаа аж.

    Даанч,  мал үг хэлдэггүй нь сайхан, монголын малчид хэт даруухан нь хөөрхөн юмдаа, тэрнээс биш өөр оронд байсан  бол сайхь Жунай сайд маань аль эрт бариулж идүүлэх нь дөхөх байсан биз.

    Эцэст нь хэлэхэд, ээдээ, томчууд минь, “малын сайдын” энэ маапаан ч ингээд дүүрч гэж бодъё, “хүний сайдаа” томилохдоо л бодлоготой хандахгүй бол, хөрөнгө мөнгөнөөс өөр юм боддоггүй товарищ таарчихвал хүйс тэмтрүүлж ч магадгүй нь байна шүү!

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top