Өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, ХМХН-ын дарга Х.Молор-Эрдэнэ, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Иргэний хөдөлгөөний О.Магнай нар мэдээлэл хийлээ. Тэд улс орноо аврах “Үндсэн хүчин” гэх бүтэц бий болж байгааг зарлалаа. Үндсэн хүчинд нам, төрийн бус байгууллага, хөдөлгөөний 10 байгууллага хамтарч ажиллахаар болжээ.
Тус нэгдлээс “Улс оронд нүүрлээд буй бүрэн сүйрэл хямралаас ард түмнээ аваръя гэвэл Монголын улс төрийн бүх хүчин үндэсний ухаарал зөвшилцлийн хүрээнд эх орон, ард түмний эрх ашгийн төлөө нэгэн ширээний ард суух шаардлагатай байна. Улмаар “Үндэсний зөвшилцлийн зөвлөл байгуулан улс төрийн тулгамдсан бүх асуудлаа зохицуулахаас өөр гарц байхгүй болжээ” хэмээн ярив. Хурлын үеэр тэдний байр суурийг сонирхлоо.
ХМХН-ын дарга Х.Молор-Эрдэнэ: УЛС ТӨРИЙН НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАХ ЁСТОЙ
-Улс төрийн намуудыг татан буулгах тухай бид ярилцаж байна. Монголын улс төрийн намууд өнөөдөр иргэдээ гишүүнчлэл, дэмжигчдийн холбоо гэсэн нэрийн дор барьцаалж, талцуулан хувааж байна. Улс төрийн намууд мөн чанараа алдаж бизнесийн бүлэглэлүүдийн нөлөөнд орж үнэн чанартаа нам нэртэй гэмт бүлэглэлүүд болжээ. Намт төр нь улс орны тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Түүнчлэн ашигт малтмалын салбарыг Үндэстний нийтийн өмчит хэлбэрээр зохион байгуулах шаардлагатай байна. Ингэж чадахгүй байгаа учраас Монголын байгалийн баялгийг гадаадын эдийн засгийн алуурчидтай хамтран цөлмөн дээрэмдэж байгаа.
О.Магнай: УЛС ТӨРИЙН НАМ ХӨРӨНГӨГҮЙ, ХАЖУУДАА БҮТЦИЙН БАЙГУУЛЛАГАГҮЙ БАЙХ ЁСТОЙ
-“Үндсэн хүчин” байгуулагдаж байгаа зорилго бол маш тодорхой. Монгол Улсад хувьсгалт өөрчлөлт хийхийн төлөө үзэл санаа зорилгын хүрээнд бид нэгдээд байна. Үнэхээр энэ оны сонгуулиар бидний хүлээж байсан шиг зүйл болно гэдэгт итгэл үнэмшил алга. Улс орноо авран “Үндсэн хүчин”-ий ажлын хүрээнд хамгийн сүүлд бид баруун аймгуудаар яваад иргэдтэй уулзаад ирлээ. Үнэхээр иргэдийн хүсэн хүлээж буй сонгууль болно гэж бодохгүй байна. Тэгэхээр сая Х.Молор-Эрдэнэ доктор хэллээ. Улс төрийн намуудыг татан буулгая гэж. Улс төрийн намуудыг татан буулгасны дараа байгуулагдах улс төрийн нам, өөрөөр хэлбэл бид намгийн төр байгуулна гэж яриагүй шүү. Татан буугдсаны дараа байгуулагдах нам нэгдүгээрт, гишүүнчлэлгүй байх ёстой. Хоёрдугаарт, хөрөнгөгүй байх ёстой. Гуравдугаарт, хажуудаа бүтцийн байгууллагагүй байх ёстой. Бүтцийн байгууллага гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Хажуудаа залуус, эмэгтэйчүүдийн холбоотой байна. Нэг ёсондоо улс төрийн нам гэдэг мафи болчихлоо.
ХМХН-ын цэцийн дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр:
-Улс төрийн намын хариуцлагын тухай бид шаардлагадаа оруулсан. Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригч намуудын алдаатай олон шийдвэр бий. Эрх баригчдын зүгээс алдаагаа ухамсарлаж, засах талаар ямар ч санаачилга гаргахгүй байна. Жишээ нь Оюутолгойн гэрээг алдаатай болсон гэдгийг эрх баригч намын УИХ дахь гишүүд нотолж байгаа. Гэсэн хэдий ч энэ алдааг хүлээн зөвшөөрөх хүн алга. Тавантолгойн хувьцаа гэж ярьж байна. Энэ бол Тавантолгойг тав хуваасны нэгийн арван хувийг өгье гэж хууран мэхэлж байгаа. Үүнийг тодорхой ярихгүй, хууран мэхэлж байна. Би Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүлсэн. Мөн намуудын дарга нарт ч албан бичиг хүргэсэн. Улс төрийн намын тухай хуулийн 18.2-т намын санхүүжилтийн тухай заасан байдаг. Энэ хуулиар бол аж ахуйн нэгж нэг удаа 10 хүртэлх сая төгрөг хандивлах дээд хязгаартай. Хувь хүн бол нэг сая төгрөг хандивладаг. Гэтэл Ардын намд нэг тэрбум төгрөгөөс дээш хандив өргөсөн 5-6 хүн байна. Ардчилсан намд ч ялгаагүй. Тиймээс ийм намуудыг сонгуульд оруулмааргүй байгаа юм.
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх: МАН БАЙРАА ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНД ӨГ
-Улс орноо аврах гол хүч хэн гэхээр ард түмэн байдаг. Тиймээс ард түмэн бидний үйл ажиллагааг дэмжиж, сонгууль гэхгүйгээр бидэнтэй хамтарч ажиллана гэж найдаж байна. Улс төрийн намуудыг татан буулгах талаар нэмж хэлье. Өнөөдөр нэг намын байр гээд олон давхар объект барьчихаад Тусгаар тогтнол ард түмний хөрөнгө гээд сууж байна. Үнэхээр ард түмний хөрөнгө юм бол энэ байраа төрийн бус байгууллагуудад шилжүүл. Төрийн өмчийн хороонд буцааж өг гэж хэлмээр байна.
А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )