Тэд Ардын намд байвал дахин сонгогдох “шаансгүй”

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 02

Энэ долоо хоног улс төрийн намуудын бага хурлууд давхацсан долоо хоног байлаа. Ёстой л өнөө балжинням, дашням давхцана гэгчээр юм юм болоод байх шиг. Долоо хоногийн эхний өдрөөс эхлэн УИХ-д суудалтай жижиг намууд бага хурлаа хийж сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батлаад эхэлсэн. Харин лидер намуудын хувьд бас дуу дуугаа авалцан хурлаа хийж сонгуульд дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг ярьж, мөрийн хөтөлбөрөө баталлаа. АН-ын хувьд ҮЗХ-ны хурлаараа ихэнх зүйлсээ ярьж хэлэлцээд баталчихсан. МАН-ын хувьд өчигдрийн байдлаар бага хурал болохтой давхцан удирдах зөвлөлийн гишүүд болох УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва нар намаасаа гарч МАХН-д нэгдэж хуучин намдаа хайртай гэдгээ батлаад авсан явдал. МАН-ын нэр бүхий гишүүд ийнхүү намаасаа гарч байх явцад мөн МАХН-ын бага хурал гурав дахь өдрөө үргэлжлэн хуралдаж байв. Нэгэнт намаасаа гарахаар болсон гишүүдийн саналыг хүлээж авсан МАН бага хурлаа хуралдуулж сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг баталж, намаасаа урвасан гишүүдийг  бага хурлаасаа хасаж тойргуудаа ч бараг эзэнтэй болгоод авналээ.

МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Монгол улсын дээд шүүхэд 19 дэх улс төрийн хүчин болж бүртгүүлсэн МАХН нь бүдүүлэгдүүхэн хэлэхэд бол хуурамч бараа. МАН бол өөрийн гэсэн дүрэм журамтай бас өөрийнхөө гишүүдэд тавьдаг шаардлагтай энэ хүрээндээ ажиллаж байгаа. Ер нь Монгол улсын улс төр цаашдаа цэвэр байх ёстой. Ялангуяа залуучууд бид нар энэ намын удирдах албыг хашиж байгаа, ер нь шийдвэр гаргах хүмүүсийн ёс зүйн асуудлаар ярьж байна. Энэ чиглэлээр шинэчилэхийн тулд МАН-аас хувьд цаашдаа ч бодитой алхамууд хийх болно" гэсэн юм.

Одоо нэгэнт хувьсгалт намын гишүүд болсон Ч.Улаан, Д.Тэрбишдавга,О.Чулуунбат нарт МАХН-аас том албан тушаал амлаж байж намдаа элсүүлэх болсон гэх мэдээлэл зарим эх сурвалжуудаас цухалзаж байгаа юм. МАХН-ын бага чуулганы хуралдаан гурван өдөр хуралдсан. Хурлаар МАХН-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, намын нарийн бичгийн даргаар гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат нарыг сонгосон. Ч.Улаан зүүн бүсийг хариуцаж ажиллана О.Чулуунбат төвийн бүсийг хариуцаж ажиллахаар тус тус ажил үүргийн хуваарь хүлээн авчээ.

Нэр бүхий гишүүд сонгуулиас өмнө бууриа сэлгэх болсон шалтгааныг МАН өөрөөр харж байна. Тодруулвал энэ бол цэвэр улс төрийн ашиг сонирхол үнэртүүлсэн жүжиглэлт төдий харагдсан. МАН-ын нийт боловсон хүчнийг улс төрд зөнөг залгуулж байнаа гэх мэт егөөдөл ч газар сайгүй яригдаж байгаа энэ үед тус намын тэргүүлэх лидерүүдийн нэг ХЗДХ-ийн сайдыг улс төрөөс зайлуулах, зүй бус хүн гэж харагдуулах хатгаас олон өдрөөр үргэлжилж байна. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал хуулийн хугацаанд хэлэлцэгдэлгүй сунжирч байгаа нь ардчилсан намд харин ч өөлөх том шалтгаан болж байгаа юм. Даваа гарагт ардчилсан намын бүлэг Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг зуун хувь дэмжиж байгаа гэдгээ дахин илэрхийлсэн. Тэгвэл хууль зүйн сайдыг огцруулах үндэслэлийг ардын намын удирдах зөвлөл олж харсангүй. Харин ч эсрэгээрээ түүнийг хууль зүйн салбарт оруулсан шинэчлэлтийг сайшаан дүгнэж байгаа гэнэ. Тэдний хэлж байгаагаар манай орны  хууль зүйн орчин сүүлийн 20 жил ихэд өөрчлөгдсөн, маш олон давуу талууд бий болсон. Өнөөдөр ХЗДХ-ийн яамны харьяанд байдаг байгууллагуудын чадавхи тэнд байгаа байгууллагын соёл, эрх зүйн орчин маш өндөр түвшинд хүрсэн. Энэ бүхнийг бид бүхэн үнэлэх ёстой гэж намынхаа сайдыг авч үлдэхээр ардын намынхан хэлж байна.

 Ерөнхийдөө нэр бүхий дөрвөн гишүүний босгосон хэрүүл 2012-2016 оны хооронд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн эрх барих дээд байгууллагад дахин сонгогдох гэсэн улайрсан хүсэлдээ автагдсан үйлдэл гэдэг нь тодорхой. Тэдэнд ардын намд байвал дахин сонгогдох шаанс тун бага байгаа юм. Цагтаа “элсний 13” гэгдэж явсан эдгээр гишүүд С.Баярыг намын дарга болгох улс төрийн луйварт гар бие оролцож явсныг өнгөрсөн он жилүүд гэрчилдэг. Харин тэд удалгүй Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талд дуугарч эхэлсэн нь ясны коммунист хүмүүжилтэй гэгдэх С.Баярын хорхойтой араанд зуугдах болсон нэг үндэслэл гэх дүгнэлтийг улс төр судлаачид хэлж байна. Ийм таамгийн үндсэн дээр нэр бүхий гишүүд сонгуулийн сунгаанд нэрээ зүтгүүлэх боломжгүй болсон хэрэг. Тэдний дараагийн боломж нь МАХН-ын дарга Энхбаярыг өмгөөлөх явдал. Нэгэнт авлигын гэх хэрэгт холбогдсон шүүхээс дахин хоёр сар хорих шийдвэр сонсчихоод байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөх боломжгүй болчихсон. Түүний эзэнгүй орхигдсон суудлыг нэр бүхий гишүүд манаж хонох нэртэй ирэх сонгуульд нэр дэвших гарцыг хайсан байж болох дүгнэлтэнд хүргэлээ.

А.Төмөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top