Таван намаас бүрдсэн тарлан үхрийн бөөр шиг МАХН-ынхан нэн саяхан намын даргагүйгээр Бага хурлаа хийн 2012 оны сонгуульд МҮАН-тай эвсэж орохоор шийдвэр гаргасан хэдий ч өөрсдийн шинэ боссоо тодруулж чадалгүй тарцгаасан билээ. Үүнээс харахад тус нам дотор экс ерөнхийлөгчийн эзэлж байсан халуун суудалд санаархагчид нилээн олон бөгөөд хоорондоо бас ч гүй амбиц, зөрчилтэй байгаа нь илт мэдрэгдэж байлаа. Өчигдрийн мэдээгээр МАН-аас олны танил болсон гурван гишүүн албан ёсоор тус намд орсон даруйдаа л МАХН-ын бага хурлын, бас Удирдах зөвлөлийн гишүүн болж амжсан нь лидергүй болоод байсан намд нилээн голлох үүрэг гүйцэтгэх нь тодорхой болж байна. Ингэснээр тус намын даргын сэнтийг мөрөөдөж сэрүүн зүүдэлж байсан нөхдийн хүсэл хөөс болж замхарлаа.
Тэдгээр хүмүүсийн тэргүүн эгнээнд мэдээж, албан тушаал аль алийг нь харсан ч Н. Удвал хатагтай байгаа нь лав. Нэгэн цагт Эрүүл мэндийн яамны дэд сайдаар ажиллаж байсан энэ хатагтай өөрийн унаган нам болох Социал Демократ намаа орхин тэр үеийн МАХН /одоогийн МАН/-д орж байсан түүхтэй. Гэвч сонгож орсон энэ нам нь түүнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга хэмээх бялууны хэлтэрхий хүртээгээгүйд шар нь хөдлөн экс ерөнхийлөгч рүү гүйж очин эвсэж нэгдсэн байна. Тэгээд МАХН-ыг бүр нэргүй байхаас нь эхлэн зүтгэж тулгын чулууг тавилцсан хүний хувьд, намын Генсек гэсэн албан тушаалаа бодсон ч нэг номерын нэр дэвшигч байх нь гарцаагүй.
Түүний хүчтэй өрсөлдөгч нь хүмүүсийн бодлоор бол МҮАН-ын дарга М. Энхсайхан. Тэрээр ерөнхий сайд байсан зангарагаараа Удвалыгаа дарахыг оролдовч нөгөөх нь эвсэж орсон нам болохоос биш эрх мэдэл булаалдах хэмжээнд очих ёсгүй хэмээн авч хэлэлцэхгүй байгаа бололтой.
Дараагийн нэг кандидат нь Хууль зүйн сайд асан Л. Цог. Энэ хүн бол нам дамжиж “янхандах” гээчийг яруу тодоор харуулсан, улс төрийн “арвин” туршлагатай нэгэн. Тэрээр өөрийгөө олон нам дамжсан овгор атаман, ганц жижиг намыг бол өлхөөн зохицуулчна гэж санаанд нь багтаад байгаа.
Бас нэг магадлалтай нөхөр нь өвөрмонголчуудын нэрлэснээр “Зугаа цэнгэлийн зулзган сайд Шалигдамба” буюу Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд асан Г. Шийлэгдамба. Экс ерөнхийлөгчийн тэргүүн хатагтайн үзэмжээр бол хамгийн шаанстай нэр дэвшигч.
Дараагийн нэг санаархагч нь УИХ-ын гишүүн асан, Татварын ерөнхий газрын дарга асан Ц. Оюунбаатар. Энэ нөхрийн хувьд албан тушаал өгөөд байвал намдаа жигтэйхэн хайртай, өгөхөө больчихвол өөр тийшээ гүйгээд явчихдаг сул талтай гэх.
Эдний дунд тоон дотор үсэг цохиж явна гэгчээр цагаан халадтай нэг хүн байгаа нь Улсын клиникийн төв эмнэлгийн дарга асан, гавьяат эмч Д. Жамбалжав. Өөрийг нь тойрсон сүүлийн үеийн таагүй хэл амнаас дайжин, нөмөр нөөлөг бараадан экс ерөнхийлөгчийг дагасан.
Эцэст нь, экс ерөнхийлөгчийн хүү Э. Батшугар. Ээж нь санаачлан их идэвхтэй зүтгүүлж байгаа, Энхсайхан даргын санаа бүтэхгүй тохиолдолд өөрийн утсан хүүхэлдэй болгох зорилгоор Батшугарыг дэмжих магадлал өндөртэй.
Энэ мэтчилэн тоймтой хэдийг дурдлаа, өөр хүмүүс ч зөндөө байж магадгүйг үгүйсгэх аргагүй юм.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )