УИХ-ын сонгуульд манай аймаг хоёр мандаттай, томоохон тойрог болж оролцоно. Сонгуулийн компанит ажил аль хэдийнэ эхэлж, намуудын нэр дэвшигчид ч эхнээсээ тодорч эхэллээ. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өчигдөр болсон. Өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нд Монгол ардын намын Бага хурал болж байгаа. Хоёр том нам бусдаас түрүүнд нэр дэвшигчдээ тодруулж, сонгуулийн сурталчилгааны ажлаа албан ёсоор эхлүүлдэг ном дүрмээрээ явагдсан гэхэд болно. Дөрөвдүгээр сарын 29, 30-нд Орхон аймгийн МАН-ын хорооноос намын анхан шатны байгууллага болох үүрүүд дээрээ нэр дэвшигчээ тодруулсан байна. Энэ үеэр УИХ-ын 2012 оны сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ намын гишүүд нь хэлэлцэж улмаар хамгийн олон санал авсан эхний хоёр нэр дэвшигчийн нэрийг Удирдах зөвлөлдөө явуулдаг. Намын анхан шатны хурлаас одоогийн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хамгийн олон санал авч нэгээр гарчээ. Харин Улаанбаатар хотоос би нэр дэвшинэ хэмээн цээжээ дэлдээд байгаа О.Содбилэг энэ удаад төдийлөн өндөр хувийн санал авч чадаагүй байна. Тэрээр энэ удаад гурваар гарчээ.
Харин Д.Дамба-Очир гишүүний араас нэгэн цагт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан одоо Технологийн их сургуулийн эрдэм шинжилгээ хариуцсан орлогч захирал Ш.Ганбат тодорсон байна. Ийнхүү тэрбээр хоёроор гарч нэр нь Удирдах зөвлөлдөө хүргэгдсэн. Энэ гурван хүнээс гадна МАН-ын Орхон аймгийн гишүүд нь шинэхэн Засаг дарга Д.Дэлгэрбаярыг УИХ-д биднийг төлөөлөх боломжтой хэмээн үзсэн байна. Мөн дээрх эрхмүүдээс гадна аймгийн МАН-ын хорооны дэд дарга Д.Мөнхбат, аймгийн Хүүхдийн төлөө газрын дарга Д.Эрдэнэцэцэг нарын нэр ч дэвшигдсэн байна. Ийнхүү Орхон аймгийн МАН-ын хороо нэр дэвшигчээ тодруулж намынхаа Удирдах зөвлөлд хүргүүлээд байгаа. Эх сурвалжийн өгүүлснээр МАН-аас Орхон аймагт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Монгол 21” сангийн тэргүүн О.Содбилэг хоёр нэр дэвших нь тодорхой болоод байгаа аж. Д.Дамба-Очир дөрвөн жил эрдэнэтчүүдийг төлөөлөн УИХ-д суухдаа хэлэх үгтэй, хийсэн ажилтай гэдгийг нь орхончууд мэднэ. Түүнтэй дөрөө харшуулах О.Содбилэг ч сайн эцгийнхээ нэрээр, ГОК-ын дарга нарын сүрээр УИХ-д сонгогдох боломж бий.
Ардчилсан намаас Орхон аймагт нэр дэвшихээр нэлээн олон хүн горилж байсан. Бүр зарим нь өөрийгөө улаан цайм зарлан тунхаглаж зар сурталчилгааны самбарыг эзэгнээд эхэлсэн гэхэд болно. Мэдээж УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн нэр хамгийн түрүүнд сонсогдсон. Гэхдээ эрдэнэтчүүд түүнд хоёр удаа итгэл үзүүлэн өөрсдийгөө төрд төлөөлүүлсэн. Харин гурав дахь удаагаа сонгоно гэвэл арай л хол сонсогдож байх шиг. Саяхан тэрбээр “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Алтантүрүүгээр хөтлүүлсэн нэвтрүүлгийг хэд хэдэн сувгаар цацсан. Эндээс харвал Д.Одхүү гишүүн өөрийгөө байгааг хатуухан сануулаад авсан гэж үзэх үндэстэй. ХХААХҮ-ийн дэд сайд асан Д.Золжаргал нэг хэсэгтээ л Эрдэнэтээр эргэлдэж, телевизүүдийн хойморт тухалж байсан. Гэхдээ сүүлийн үед энэ хүн харагдах нь багассан гэхэд болно. Түүний оронд АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг гэх эмэгтэй нэр дэвшинэ гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллахаасаа өмнө Стратегийн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан гэхээс өөр тодруулга багатай энэ хүнийг Эрдэнэтийнхэн нэг их сайн мэдэхгүй. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2008 оны УИХ-ын сонгуульд Д.Одхүү гишүүнийг дагалдуулан хэний ч мэдэхгүй Д.Оюунцэцэг гэх эмэгтэйг өрсөлдүүлж байсан. Одоо ч энэ явдал давтагдах нь бололтой. АН-ын сонгуулийн ийм арга барил нь сонгогчдыг өөртөө татах биш эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх сонголтод хүргэдэг. Өөрөөр хэлбэл, АН-ынхан манай хоёр нэр дэвшигчийн ядаж нэгийг нь гаргаж өгөөч гэж сонгогчдос гуйж байгаа гэсэн үг. Тиймээс М.Бачимэг, Д.Оюунцэцэг нар бол нэг ёсондоо золионд гарч байгаа гэсэн үг.
МАН, АН-тай өрсөлдөхөөр МАХН, МҮАН хоёр эвсэл болж орж ирнэ. Тэндээс Хууль зүйн сайд асан Логийн Цог нэр дэвших нь тодорхой болж байна. Тэрбээр МАХН-ын нарийн бичгийн даргын албан тушаалтай. Тэгээд ч Эрдэнэтийн иргэдийн дунд МАХН-ын нэр хүнд муугүй байгаа. Энэ бүхэн нь Эрдэнэтийн сонгууль халуухан бөгөөд ширүүхэн болох нь харуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )