Сонгуулийн хуулийн гулсах заалтыг Цэц Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсэн гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 02

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг олгож, улмаар зарим нэр дэвшигч нарт давуу байдал бий болгосноороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в заалт, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх болон сонгуулийн шууд сонгох зарчмын агуулгыг алдагдуулж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлан ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн байна.” гэж үзээд уг хуулийн дээрх заалтуудыг хүчингүй болгож улмаар ийнхүү маргааныг эцэслэн шийдвэрлэв.

 Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны  энэ шийдвэр эцсийнх бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болно  гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top