МАН-ын нөлөө бүхий гурван гишүүн болох Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва нар экс ерөнхийлөгч Н.Энхбаярын үүсгэн байгуулсан улс төрийн хүчин болох МАХН руу шилжин суурьшсан нь сүүлийн өдрүүдийн топ мэдээнүүдийг чимэглэн, нийгэмд янз бүрийн таамаглалуудыг үүсгээд байгаа билээ.
Эрхэм гишүүдийн энэхүү шилжилт нь экс ерөнхийлөгчийг баривчлагдах үеэс л илхэн болсон. Тэд эртний сайн андын жудаг заан, шөнөжин гэрт нь хамт байж, үүрээр болсон “хүч тэнцвэргүй тулаан”-ы хөлд өртөн диванд даруулж, шилээ хагалуулан байж Энхбаяр даргыгаа үдэж өгснийг монголын хоёр сая хүн тодорхой үзсэн. Тэдний “үнэнч нөхөрлөл” эртний улбаатай гэдэгт эргэлзэх хүн бараг үгүй. Экс ерөнхийлөгчийг ид мандаж явах үед эдгээр хүмүүс Монголын мөнгө, санхүүгийн бодлогыг тал бүрээр атгаж байсны хувьд түүний одоо буруутгагдаад байгаа болон хожим "илрэх" хэргүүдэд шууд бус юмаа гэхэд дам байдлаар дэмжлэг үзүүлсэн байж болох. Н.Энхбаярын их хаанчлалын үед хэн, хаана, юу хийж байв аа. Ч.Улаан – Сангийн сайд, О.Чулуунбат – Монгол банкны ерөнхийлөгч, Д.Тэрбишдагва – Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсан, мөн Зоригийн хэрэгт гүтгэгдсэн Энхбатыг Германаас хулгайлах үед Тэрбишдагва Германд элчин сайдаар ажиллаж байжээ. Мөн МАН-ын бүлгээс гараад байгаа Ц.Даваасүрэн Төрийн сангийн дарга байлаа. Энэхүү албан тушаалуудыг дурьдахаар тэр үеийн их мөнгөний тоо нүдэнд эрээлжлэх шиг болж байгаа биз.
Н.Энхбаярын “хаанчлалын” жилүүдэд бизнес, улс төр хоёр зуузай холбон хоршиж, ашиг сонирхлоороо нэгдсэн улс төрчдийн бүлэглэл үүсэх үндэс тавигдсан нь одоо хүртэл “сүнс сүүдэр” нь үлдчихээд байгааг улс төрийн тогоонд болж буй сүүлийн үеийн үйл явдлууд бэлхнээ харуулж байна. Экс ерөнхийлөгчийн бүлэглэлд нэг л орсон бол зүгээр, чимээгүй мултраад гарна гэж гонж, түүн шиг “хорхойтой араандаа зуудаг” хүн ховор гэлцэнэ. Энэ нь ч зарим нөхдийн улс төрийн шийдэлд нөлөөлж буйг үгүйсгэх аргагүй. Тэд дараагийн их хуралд ямар ч үнээр хамаагүй суухгүй бол Н.Энхбаяраас ч муухай хувь тавилан хүлээж байх магадлал маш өндөр. Хэрвээ Н.Энхбаярыг муривал түүнээс ч илүү муухайг "даргаасаа" хүртэж ч болох. Тиймээс МАН-аас гарсан дөрвөн эрхмийн сонголтыг улс төрийн, улс орны төлөөх, ардчилсан гэхээсээ илүүтэй "аргагүй байдал" гэж тодорхойлбол зохилтой мэт.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )