Ц.Нямдорж: Одоо ч том сүлжээг таслах гэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлаар асуулт, хариултаар үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Та ирэх сонгуулиар Увсаас нэр дэвших үү, намынхаа далбаан дор орж пропорциональ 28-аас нэр дэвших үү” гэж асуулаа. Үүнд Ц.Нямдорж сайд “Энэ бол миний цэвэр халдашгүй дархан эрхийн асуудал. Би хэнээс ч асуухгүй шийдвэрээ гаргана” гэж хариулжээ.

Түүнээс мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Таныг бусдын хаусанд амьдардаг, хоригдлуудаар хаус бариулсан, тэр хоригдол нь амь үрэгдсэн, орондоо хууль зассан гээд олон зүйл дуулддаг. Та ухамсраараа дүгнэлт хийгээд энэ албан тушаалаа дараагийн хүндээ тавиад өгчихөж болдоггүй юм уу. Та албан тушаалтанд хариуцлага тооцдог хуулийг зассан, ашигт малтмалын хуулийг зассан. Таны зассан хуулийн балгаар олон хүн ял завшиж, улс оронд ихээхэн хохирол учирсан шүү дээ. Та чинь сандал ширээтэйгээ зууралддаггүй гэж хэлж байсан. Гэтэл одоо яагаад үхэн хатан тэмцээд байгаа юм бэ” гэж асуулаа.

Ц.Нямдорж сайд “Миний энэ ажлыг хэзээ өгөхийг УИХ шийдэх ёстой. Намайг УИХ ёс зүйтэй, ажлаа хийж чадна гээд томилсон. Би энэ төрд шургалсан муу сүлжээг таслах гэж олон жил явж байгаа. 2006 онд нэг сүлжээг тасалсан. 256 сая ам.долларын үнэтэй сүлжээ байсан. Одоо ч том сүлжээг таслах гэж байна. Үүнд дургүйлхсэн хүмүүс нууц гэрээ байгуулж улсаа худалдах гэж байна. Би хулгай хийхгүй байхыг, тендерт хүйтэн гараа дүрэхгүй байхыг, нууц гэрээ байгуулахгүй байхыг ёс зүй гэж үздэг. Ер нь би айван тайван сонгууль хийх боломжийг олгочихоод ажлаа хүлээлгэж өгөх юм сан гэж бодож байгаа. Олон жил Хууль зүйн сайд хийлээ. Ерөнхийлөгчид ч энэ үгээ хэлсэн” гэсэн юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top