С.Батболд, Ц.Нямдорж нарыг халз мэтгэлцээнд дуудлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

Өнөөдөр “Хэвлэлийн хүрээлэн”-д Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэд Монгол улсад ардчилал, эрх чөлөө шударга ёсыг тогтоохын төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж ирснээ онцлон тэмдэглэсэн. Мөн тус холбооноос Ерөнхий сайд С.Батболдыг “Уул уурхай дахь авилгын загалмайлсан эцэг”, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг “Эрх зүйн салбарын авилгын загалмайлсан эцэг” хэмээн нэрийдсэн юм. Сайдуудыг ийнхүү нэрийдэх болсоноо тайлбарлахдаа “Уул уурхай эрчимтэй хөгжиж, газрын хэвлийн баялаг эдийн засгийн эргэлтэнд орж Монгол хүн баян чинээлэг амьдрах боломжит суурь зөв тавигдаж Монголчууд нийтээрээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зүйн орчинг бүрдүүлэх ажлыг Монгол улсын засгийн газар түүнийг тэргүүлж буй Ерөнхий сайд С.Батболд санаачлан хэрэгжүүлэх үүргээ умартан хувьдаа ашигт малтмал хайгуулын олон лицензийг эзэмшиж, бусдад дамжуулан олгож дам ашиглаж байгаа нь түүнийг “Уул уурхай дахь авилгын загалмайлсан эцэг” болохыг нотлож байна. Эрх зүйт төрийн тогтолцоо гажуудаж, авилгад идэгдсэн түшмэд, сайд нарын увайгүй үйлдлээс шударга ёс алдагдаж гэмт хэргийн гаралт хэлбэрийн хувьд хэрцгийгээр нэмэгдэж эрдэнэт хүний амь алхам тутамд, өдөр болгон эрсдэж байгаад сэтгэл түгшин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг “Эрх зүйн салбарын авилгын загалмайлсан эцэг” гэлээ. Мөн дээрх хоёр сайдыг  Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр халз мэтгэлцэхийг шаардлаа.

 Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top