Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

Өнөөдөр Монголын байгаль орчны иргэний зөвлөл Иргэний Зориг Ногоон Нам хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт нарын үсэг зурлаа.

Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан хөгжлийн чиг хандлагаа тодорхойлж байгаа энэ үед Монгол улсын төр засаг үндэсний аюулгүй байдал болон ард түмнийхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг бүрэн хангасан нийгэм эдийн засгийн бодлого боловсруулах цаг нэгэнт болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны хомсдол, орчны бохирдол зэрэг дэлхий дахины өмнө тулгамдаад байгаа олон асуудал манай улсыг тойрч гарахгүй гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Мөн бидний өөрсдийн буруутай үйл ажиллагаа, хууль эрхзүйн хийдэл зэргээс шалтгаалж ард түмэн, ирээдүй хойч үеийнхэний оршин тогтнохын үндэс болсон байгаль орчин, газар нутаг минь улам бүр сүйрэн доройтсоор байна. 

Монгол улсын засгийн газар уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн загварыг ард түмэнд танилцуулж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа ч байгаль орчны хяналт, иргэдийн оролцоо туйлын хангалтгүй байна. Энэ хандлагаар удаан явбал ямар ч их хэмжээний мөнгөтэй харьцуулах аргагүй үнэт баялагаа үүрд алдахад хүрч болзошгүй юм. Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгууль ойртож байгаа энэ цаг үед эгнээндээ 600 гаруй ТББ-ыг нэгтгэсэн Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл болон Иргэний Зориг Ногоон Нам байгаль орчны бодлогыг шинэ шатанд гаргахын төлөө “Монгол улсын үндсэн хууль”, “Улсын их хурлын тухай хууль”, “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг үндэс болгон:

  1. Уран хайх олборлох, баяжуулах болон цөмийн энергийг ашиглах талаар “Ард түмний” санал асуулга явуулах,
  2. Атомын цахилгаан станц байгуулахаас татгалзах, цөмийн энергийн тухай хуулийг өөрчлөх,
  3. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг бүрэн хэрэгжүүлэх,
  4. Байгаль орчны төрийн хяналт болон газрын нэгдсэн менежментийн бодлогыг байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагад төвлөрүүлэх,
  5. Байгаль орчны ТББ-уудын саналуудыг тусгасан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд МБОИЗ нь Иргэний нийгмийн байгууллагуудыг манлайлан  Иргэний зориг Ногоон Намыг дэмжиж хамтарч ажиллах
  6. Иргэний Зориг Ногоон Нам нь цаашдаа төрийн бодлого боловсруулахдаа дээрх заалтуудыг мөрдлөг болгож байхаар харилцан тохиролцож энэхүү хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан байна.

Уг санамж бичигт ИЗНН-ыг төлөөлж ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийг төлөөлж МБОИЗ-ийн тэргүүн Д.Ганболд нар гарын үсэг зурлаа.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top