Улсын Дээд Шүүхийн 2011 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Монгол улсын 18 дахь намаар бүртгүүлсэн, Чингис хааны үеийн төрийн зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг гэгдэх МАХН одоогийн байдлаар топ лидергүй болж, сонгуульд өрсөлдөх намуудын хүчийг хагалан бутаргачихаар улс төрийн том хүчин гэж харагдахаасаа илүүтэй “Гомдогсдын арми” мэт сэтгэгдэл төрүүлж байна. Гай, гавьяа алийг нь ч тарьж чадах хүчтэй лидер Н. Энхбаяр хэрэв Төв аймгийн шоронд “амьдаараа булшлагдчихаагүй” байсан бол байдал бас ч арай өөр байх байсан болов уу. Одоогийн тэр лидер гэж өөрсдийгөө дөвийлгөөд байгаа нөхдүүд дотор Экс ерөнхийлөгчийн 50 хувийг ч орлочихоор тийм эр зоригтон, улс төрийн хүчирхэг хар “мангас” хараахан харагдахгүй байгаа билээ.
Эзэн Чингисээс зээлдэж авсан “Их хуралдай” хэмээх сүржин нэртэй цуглаан хийн жижиг сажиг нам эвслүүдийг эгнээндээ нэгтгэсэн тэрээр Сонгууль-2012- д зөвхөн МҮАН-тай хоёулхнаа нэгдэн “Шударга ёс” эвсэл байгуулан оролцохоор шийдэн хүндэтгэлийн уулзалт зохион байгуулж, МАХН-ын дарга Н. Энхбаяраар толгойлуулсан эвслийн удирдах зөвлөлийн 20 гишүүнээ сонгон, бусад намууд, улс төрийн хөдөлгөөнүүдээ голон “жийчихсэн” байна. Энэ үйлдлийг экс ерөнхийлөгчийн суудлыг орлож үлдсэн нөхдүүд нөгөө сүүлд орж ирсэн гурван акултайгаа тохиролцоод хийсэн бололтой, тэгэнгүүт шартай, зөрүүдээрээ алдартай Буян Жагаа Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэтэй хамтран “Үндэсний Их Эвсэл” гэгч “нэр нь хүнддэж ном уншуулмаар” сүржин нэртэй “гологдогсдын эвсэл”-ийг байгуулан, сонгуульд эвсч оролцохоор болж, хамтран ажиллах тухай албан ёсны баримтад гарын үсэг зурсан билээ.
Сонгуулийн хуулийн гулсах заалтыг хүчингүй болгосон нь үүнд хэт найдлага тавин тойргоо өрчихсөн АН-ын хувьд дотоодын зөрчил үүсгэх магадлалтай ба энэ тохиолдолд МАХН-ын “гомдогсдын арми” бас дахин шинэ гишүүдээр хүчээ сэлбэж ч болзошгүй. “Гомдох” гэсэн үгний ард логикоороо “албан тушаалд дуртай” гэсэн гаргалгаа ажиглагдаад байгаа тул иймэрхүү нөхдийг Их Хуралд оруулчихвал яах л бол гэсэн эргэлзээ төрмөөр. Үүнээс харахад МАХН нь заримдаа намдаа гомдсон хүмүүсийн “түр орогнох байр” ч гэлтэй /”түр” гэсний учир нь эдгээр нөхдийн үнэнч эсэхэд 100хувь найдаж чадахгүй байгаа учраас/.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )