Хороодын бүрэлдэхүүнийг баталж, нэрийн жагсаалтыг хүлээн авав

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04

 

 Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн  тойргийн хороодын бүрэлдэхүүний асуудлыг өчигдөр болсон Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар хэлэлцэв.

Хуульд заасны дагуу тойргийн хороодод зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулах бөгөөд  аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн судалгааг  үндэслэн ийнхүү тойргийн хороодыг байгуулжээ. Тойргийн хороог тус бүр  9-13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж тэдгээрт нийт  260 орчим төрийн албан хаагч ажиллахаар байна.

Мөн өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Л.Амарсанаа  хуульд заасан хугацаанд нь  сонгогчдын нэрийн жагсаалтыг Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор хүргүүллээ.

Тус газрын цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн үед бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа  газрын хаягийн өөрчлөлт зэрэг иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлтийг тусган сонгогчдын нэрийн жагсаалтыг 26 тойрог, 1908 хэсгийн хороогоор гарган цаасан болон цахим хэлбэрээр ийнхүү Сонгуулийн Ерөнхий Хороонд  хүлээлгэж өгөв.

Одоо Сонгуулийн Ерөнхий Хороо нэрийн жагсаалтыг тойрог тус бүрээр ангилж холбогдох тойргийн хороонд хүргүүлэх ажлыг зохион байгуулна  гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top