Н.Энхбаярын том хүү энэ сонгуульд МАХН-аас нэр дэвшинэ гэнэ. Уг нь тэрбээр арав хүрэхгүй хоногийн өмнө “Би хэвлэлд ярилцлага өгч үзээгүй. Та надаас улс төртэй холбоотой асуулт битгий асуугаарай гэж манай нэгэн сэтгүүлчээс гуйсан гэдэг. Харин өнөөдөр тэр үг нь зөвхөн тэр өдрийн л байр суурь байж таарлаа. Яагаад гэхлээр хэдхэн хоногийн өмнө хэлсэн үгээ мартсан уу яасан “Би УИХ-ын гишүүн болмоор байна” гэж байх юм.
Түүний энэ шийдвэрийг сонсоод МАХН-ын гишүүд нэгэн дуугаар дэмжиж, түүнийг гадаад дотоодоор яваад галуу шувууны мах идчихсэн, баячуулын ганган машин, дэгжин бүсгүйгээр гоёсон аархуу банди нараас огт өөр. жинхэнэ сайн хүү хэмээн магтаж хөөрцөглүүлсэн сурагтай. Гэхдээ Н.Батшугар намаасаа нэр дэвшихээр л сонгуульд ялчихдаг юм гэж эндүүрээгүй л байлтай. Хамгийн хялбараар бодоход л баян айлын багачууд түүний гол өрсөлдөгч байх нь гарцаагүй. Цаашлаад эгэл ардын хүүхдийн хүсэл мөрөөдөл хүртэл экс Ерөнхийлөгчийн хүүгийн ирээдүйн төлөвлөгөөнд нь шавар хаах боломжтой. Хэн дуртай нь сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлддөг юм бол би ч бас өрсөлдөж нэг ч гэсэн хүний саналыг түүнээс булааж авч чадна. Гэхдээ мэдээж өрсөлдөхгүй л дээ. Тэгж ч хоосон газар мөнгөө тавьж алдахыг хүсэхгүй. Тэртээ тэргүй түүнтэй өрсөлдөгчид хангалттай гарч ирнэ.
Э.Батшугарын хувьд өнгөрсөн хугацаанд хилийн чанадад амьдарч хар бага наснаасаа хаа хол европ тивээр хөндлөн гулд алхчихсан эр. Үзсэн харсан, мэдсэн дуулсан бүхэн нь бүхэлдээ Н.Энхбаярыг залгамжлахад чиглэгдсэн гэвэл худлаа болохгүй. Өнөөх хойд Солонгосын залуу удирдагч шиг эцгийгээ залгамжлан гарч ирэхэд тэрээр бэлтгэгдсэн гэх юм. Үнэхээр аавыгаа залгамжлахаар бэлтгэгдсэн юм бол улс төрийн тухай ойлголттгүй байна гэдэг түүний нэг том сул тал. Улс төрийн наана цаанахыг гадарладаг байж улс төр гэж дөнгөж ярьж эхлэх хэрэгтэй. Гэтэл мань хүн бүр гишүүн болно гээд мөрөөдөж явах юм.
Н.Энхбаярын өмгөөлөгчийн хэлж байгаагаар экс Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдэгдэлийг хийсэн. Мөн өнөөдрөөс эхлээд тэрээр сонгуулиас өмнө суллагдахаар шийдэж өлсгөлөн зарлаж байна гэнэ. Ингээд бодохоор аав хүү хоёр цугтаа нэр дэвшиж ялалтын төлөө хамтдаа, ямар л арга байна түүнийгээ хэрэглэн зүтгэхээр болно. Сүүлийн үед манай улс төрд нэг ийм хандлага ажиглагдаж байна. Хэн нэгэн эцэг эх нь УИХ-ын гишүүн, сайд, дарга байсан бол үр хүүхэд нь ч мөн адил залгамж халаа нь болон гарч ирдэг жишиг тогтчихсон. Ямар хаант улс биш дээ. Яг л энэ жишгээр Н.Батшугар явж айсуй.
Үнэхээр л улс их орондоо сайн сайхан зүйл хийх гээд санаж сэтгээд яваа бол заавал улс төрд орж байж хийх шаардлага байгаа юм уу. Зүгээр л нэг эмнэлэг бариад өгчихөөч. Тэгвэл тэр хүн, ард түмэндээ Чингис хаанаас илүү хүндлэгдэх болно шүү дээ. Заавал төрд орж байж бүхнийг шийднэ гэж “молиго” үмхүүлэх хэрэггүй. Ёстой л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлдэг шиг урьд нь боломж олдоод төр ажиллахдаа ард түмнийхээ төлөө юу ч хийгээгүй хүмүүс одоо дахин гарч ирээд та бидний төлөө ажиллана гэдэг юу л бол.
Энэ удаагийн сонгуульд саяхан хуучин намдаа эргэж орсон МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва болон бүс хариуцсан нарийн бичгийн дарга нар болох УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат нар намаасаа нэр дэвшигчдийн түүчээнд явах нь ойлгомжтой. Дархан мэхтэй дархан аваргуудын хувьд бол ирэх сонгуулиар тойрогтоо ялалт байгуулж цолоо баталж мэднэ. Харин залуу бөх Шугарын хувьд ээдээ мэдэхгүй. Нэгийн даваанаас эхлээд аваргуудтай таарна. Тэгэхлээр өвдөг шороодох магадлал тун өндөр байгаа тул энэ жилдээ түр өнжөөд ээж ааваа асарч хамгаалсан нь дээр байх.
А.Төмөрсүх
Сэтгэгдэл ( 0 )