Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарласнаас бие нь эрс мууджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

Н.Энхбаярт ухаан санааг самууруулж, хяналтгүй яриулдаг тариа тарихыг завдсан гэнэ

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр эсэргүүцлийн өлсгөлөн зарлаад 30 цаг болох гэж байна. Түүний биеийн байдалд төрийн тусгай хамгаалалтын эмнэлгийн эмч нар хяналт тавьж байгаа ч эрүүл мэндийн яамны эмч нар өнгөрөгч шөнө Төв аймгийн шоронд очиж Н.Энхбаярт үзлэг хийжээ. Албан ёсны мэдээллээр түүний биеийн байдал хуурай өлсгөлөн зарласны улмаас муудсан гэж хэлж байна. Зүрхнийх нь хэм алдагдаж, бөөрөнд нь өөрчлөлт орсон гэнэ.

Н.Энхбаярыг эргэхээр түүний эхнэр Цолмон, өмгөөлөгч О.Баасанхүү, ОНХА-ны дарга Ч.Чимэдсүрэн болоод гишүүд дэмжигчид нь Төв аймгийн шоронд очсон байна. Тухайн үед эмч нар Н.Энбаярт үзлэг хийсэн үгүйгээ хэлэлгүй өмгөөлөгч болоод ар гэрийнхнээс нь зугтаж, шоронгийн хашааг эвдэн гарсан гэж эх сурвалж мэдээллээ. Үүний улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид иргэдийн  хооронд мөргөлдөөн гарсан гэнэ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр буюу энэ сарын 4-ний 07 цагаас хуурай өлсгөлөн зарлаж эхэлсэн юм. Хуурай өлсгөлөн зарласан хүн / бие сайтай бол/ дээд тал нь 7 хоног, дундаж биетэй бол 5 хоног тэсэж чаддаг  гэж ярилцах нь ч бий.  МАХН-ын дарга Н.Энхбаяр  доорх 4 шаардлагыг тавьж байгаа билээ.

1.    Улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоо
2.    Хууль бусаар хорьж байгаагаа даруй зогсоо
3.    Намаа удирдах, МУ-ын үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох боломжоор хангуулах
4.    Хуулийг хүн бүрт ижилхэн үйлчлүүлэх.

Түүнчлэн Н.Энхбаярт ШШГЕГ-ынхан ухаан санааг самууруулж, хяналтгүй ярихад хүргэдэг  тариа хийхийг завдсан тухай өмгөөлөгч  О.Баасанхүү  сэтгүүлчдэд мэдээлсэн юм.  

 Г.Энхтуяа

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top