Хагархай цонх шиг эх орон минь

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

 

Улс орон минь ядуу буурай байх, өөр улсын колони байх ямар ч зовлонтой байсан юм бэ дээ. Харийнхан эх  орны минь газар нутгийг хүртэл өөрсдийн ашиг сонирхлын үүднээс санаснаараа тасчин хувааж байсан түүх одоог хүртэл үргэлжлүүлсээр байгааг улстөрчид мэдсэн ч мэдээгүй царай гарган, ард иргэд нь учрыг нь сайн ойлгохгүй жалга довоороо ялгаран, манай сум, танай сум, манай нутаг, танай нутаг гэж “дайтах” нь холгүй тэмцэлдсээр өдийг хүрчээ. Оросууд коммунист дэглэмийг тулган хүлээлгэхдээ Богд хаант Засгийн газрын үед төр барьж байсан алтан ургийн ноёдыг хүйс тэмтрэх бодлогоо гурван аргаар хэрэгжүүлсэн байх юм.


  1. Сонгох сонгогдох эрхийг нь хасч, цол хэргэмийг нь хурааж  ял эдлүүлсэн.
  2. Эзэмшиж байсан газар нутгийг нь тасчин хувааж, сум  хэмээх хилийн цэстэй, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байгуулан намын дарга сумын дарга хэмээх нэг намын нөхдөөрөө харгалзуулан хатуу дэглэмд оруулсан.
  3. Ноёд хаад, лам нар, чинээлэг ардын төдийгүй жирийн малчин иргэдийн малыг хүртэл “Лениний хоршоолол гэгч нэгдэлд” оруулж  өмчийг хураасан байна.

Коммунист Оросын эцсийн зорилго нь юунд байв. Сум сум, жалга жалгаараа хуваагдсан энэ тогтолцооноос улбаалан монгол үндэстнийг генийн хувьд устган “тэнэг” болгох алсын бодлого байв. Энэ бодлого нь ч амжилттай хэрэгжиж Монгол эдүгээ цус ойртон үндэстний хувьд мөхөх аюулын ирмэгт ирээд байна.

Хамгийн аюултай нь МАХН-ын Төв хорооны тогтоолоор ургийн бичиг хөтлөхийг цаазлан хориглож удмаа мэдэхгүй хүн, ургаа танихгүй үндэстэн, коммуны гишүүн ядуу ардын гарал үүсэлтэй болгов.

Зохиогч коммунист Оросын Монголын газар нутгийг 330 сум болгосон бодлогыг дүрслэхдээ “Эх орны минь газар нутаг яг л хагархай цонх шиг болсон юм” гэжээ. Энэхүү дүрслэлийг соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Д.Цогтбаяр “Хагархай цонх шиг болсон эх орон минь” зургийг зурахад их амархан орж ирсэн. Магадгүй надад тэнгэрээс өгсөн санаа гарцаагүй оносон дүр гэж билээ. Энэ тухай өгүүлсэн шинэ номыг уншигч таны гар дээр хүргэж байна.    

Хагархай цонх шиг болсон эх орноо, хэн ямар улс төрийн бодлого бодлоготон хэзээ бүтэн болгох вэ, яаж бүтэн болгох вэ гэдэгт хариу эрж байна. Хариуг нь ч бас олсон байна.1990 оны ардчилсан хувьсгал улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарыг хамарсан боловч ганцхан засаг захиргааны нэгжийг өөрчилж сумдыг татан буулгаж чадаагүй байна. Улс орны эдийн засаг өсөөгүй хөгжихгүй байгаагийн шалтгаан нь амиа тэжээж чадахгүй олон зуун сумдад байна. Товчхон дүгнэхэд бусдын хорт бодлогоор социализм байгуулах, улс орныг үндэстний нь хувьд устгах бодлогоор хийсэн засаг захиргааны нэгж байсан цагт эдийн засаг хөгжихгүй гэдгийг олж харжээ. Түүхэн судалгаа, эдийн засгийн нарийн тооцоонуудыг ч хавсаргажээ. Одоогийн олон сумыг задлаагүй цагт ямар ч нам, ямар ч Засгийн газар гарсан хөдөө, аймаг сум хөгжинө гэдэг горьдсоны гарз гэдгийг судалж тооцсон байна. Хэрвээ 330 сум дотоод болон гадаад зах зээлд  өрсөлдөх чадвартай 330 компани болчихвол энэ олон мал сүрэг их баялгийн нэмүү өртөг болгосон ашгийг хөдөөгийнхөн хүртэж, ард түмний амьдрал орлого хөдөөд дээшлээд ирнэ. Улаанбаатар аяндаа эзгүйрээд ирнэ. Үүнээс өөр ямар ч аргаар хот руу чиглэсэн их нүүдлийг зогсоох аргагүйг уншигч олон ойлгох юм. Улс орон маань хөгжлийн таван бүс болчихвол хоёр сая байтугай хорин сая хүнийг тэжээх их нөөц манай улсад байгаа юм байна. Ийм нэгэн өнгөрсний гашуун түүхтэй, ирээдүйн ашиг олох тооцоотой номыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дондогдоржийн Эрдэнэбат бүтээжээ. Тэрээр “Монгол хүн 2020” хөтөлбөрийг боловсруулж, бүх аймаг сумдаар аялахдаа иргэдтэй уулзаж, орон нутгийн онцлог, ашигт малтмалын нөөц, хүн амын бүтцийг хүртэл судалж боловсруулсан юм байна.  Хагархай цонх шиг болсон эх орон минь бүтэн болох цаг айсуй. Монголчууд бид дэлхийн баян орны иргэн шүү. Энэ бол итгэл төдийгүй үнэн юм. Ардчилсан орон гэдэг үнэт зүйлсээ хадгалж, Ардчилсан Ерөнхийлөгчтэй байсан цагт, Ардчилсан засаглалтай байсан цагт бас улс төрийн шийдлийг зоригтой хийдэг эрх баригчидтай болсон цагт бүхнийг хийж чадах юм байна.

 Г.Дашрэнцэн

 Эх сурвалж:baabar.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top