АНУ-ын батлан хамгаалахын дэд сайд Жемс Миллерийн айлчлал амжилттай боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

АНУ-ын батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Жемс Миллер Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын урилгаар манай улсад энэ сарын 4, 5-нд албан ёсны айлчлал хийлээ. Түүнийг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр өнөөдөр хүлээж аван уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Энэ уулзалтанд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал  Ц.Бямбажав нар болон АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Жонатан Эдлтон, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жонатан Лау нар оролцов.

Уулзалтын төгсгөлд хоёр сайд товч мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа. АНУ-ын БХЯ-ны зочид, манай улсын Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын хамт бүх цэргийн Их Хар сүлдний өргөөнд зочиллоо. Анх 1991 онд Батлан хамгаалахын атташе харилцан суулгаж эхэлснээр хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа юм. Өнөөдөр үдээс хойш Жемс Миллер Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын урилгаар Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцан бэсрэг наадам үзэж сонирхсон. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр ноён Жемс Миллерт хурдан адуу бэлэглэсэн.

АНУ-ын улсын БХЯ-ны  дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Жемс Миллерийг хүлээж авсан уулзалтанд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр "Энэ айлчлал нь Монгол, Америк хоёрын хооронд хөгжүүлж буй нийтлэг үнэт зүйлд тулгуурласан стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа Монгол Америк хоёр орны нийтлэг чухал бүрэлдэхүүн хэсэг болон амжилттай хэрэгжиж байна. Монгол улсын зэвсэгт хүчний дайчид НҮБ-ын мандат бүхий олон улсын энхийг сахиулах ажиллагаанд АНУ-ын цэргийн албан хаагчидтай мөр зэрэгцэн оролцож Ирак болон Афганистанд үүрэг гүйцэтгэсэн нь хоёр орны цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрүүлэн, зэвсэгт хүчний хамтран ажиллах хамтын чадавхи, чадварыг бэхжүүлсэн нь үйл явдал болж байгаа юм. Эрхэм сайд бид хоёрын энэ удаагийн уулзалтаар олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудал болон хоёр орны зэвсэгт хүчний хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо" гэв.

Ази тивд зэвсэглэлээр хөөцөлдөх явдал нэмэгдэж байгаа болон умард Солонгосын цөмийн болон блиастик пуужингийн хөтөлбөр  нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаад  санаа зовинож байгаа илэрхийлэхийн сацуу Солонгосын асуудлыг гагцхүү энх тайвны аргаар шийдэх ёстой. Монгол, Америкийн батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл хангалуун байгаагаа хоёр тал харилцан илэрхийллээ. АНУ-ын батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүцэтгэгчийн хийж буй айлчлал нь хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх гүнзгийрүүлэх хоёр орны ард түмний харилцан ойлголцох нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдол бүхий үйл явдал болж байгааг Ж.Энхбаяр сайд онцолж байлаа.

Харин ноён Жемс Миллер "Монгол улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар айлчилж байгаадаа баяртай байна. Танай улсын цэрэг дайчид энхийг сахиулах ажиллагаанд оролцож байх хугацаандаа нэр хүнд өндөртэй, бусдадаа үлгэр дууриал болдог хамгийн шилдгүүд нь" гэв. Мөн "Таван толгойн сургалтын төвийг бүсийн нэгдсэн сургалтын төв болгон өргөжүүлж, хамтарсан цэргийн бэлтгэлийг цааш цаашдаа үргэлжлүүлэн хийх болно" гэдгээ мэдэгдлээ.

А.ТӨМӨР

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top