Нямдорж сайдын “намар” айсуй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 06

    Энэ жилийн монгол нутгийн хавар их л онцлогтой болж өнгөрч байна. Монголчууд бид найраг дуундаа  магтан дуулдаг хаврын анхны бороо, анхны яргуй, анхны болзоогоо ч умартан хаваржингаа Н.Энхбаяр, Ц. Нямдорж хэмээх хоёр эрхмээр “синдромтож” шоудлаа.

    Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах асуудлыг УИХ урьд хожид үзэгдээгүй өндөр ирцтэйгээр, бүтэн өдрийн турш  хэлэлцсний эцэст гишүүдийн 56,3 хувийн саналаар огцруулах шаардлагагүй гэсэн дүгнэлтэнд хүрч, эрхэм сайд маань “эцсийн раундаа” хийн суудалдаа үлдсэн билээ.

     14 хоногийн турш дуншин байж эцсийн шийдвэрээ гаргасан энэхүү процесс нь маш олон нам эвсэл, их хурлын гишүүдийн уг мөн чанарыг таньж, хэн нь хэн бэ гэдгийг бага ч атугай ялгаж салгахад өөрийн хувь нэмрээ оруулсан гэдгээрээ сайдтан маань бас ч гүй буян үйлдлээ, энэ сонгууль дөхсөн үед.

     Энэхүү асуудал ид яригдаж байх үеэр нийгмийн тусгал болох ард олон маань өөр өөрийн байр сууриа илэрхийлэн мэтгэлцэж, янз бүрийн хувилбарт дүгнэлт гаргаж ирж байсны  нэг нь хэрэв улс төрийн том лидер болох МАН асуудалд ухаалгаар хандалгүй, нийтээрээ барьцаалагдсан нэг “шантажчин” сайдаа аваад үлдэх юм бол ирэх сонгуульд “будаа болно” гэсэн логик гаргалгаа байлаа.

      Хэрэв энэ хувилбар биеллээ олчихвол Нямдорж сайдын маань “намар” хүссэн хүсээгүй ч ирэх нь лавтай. Харин эсрэгээрээ эргэвэл,  эрхэм сайдтан маань эгээ л үлгэрийн баатар “үхэшгүй мөнхийн Кашей” шиг хуулийн сайдын сэнтийдээ мөнхөд залран, мянга мянган жилээр ч оршин байдаг “вампир” сайд болох байлгүй   дээ...

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top