Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд АТГ-аас албадан баривчилж, Төв аймаг дахь цагдан хорих төвд хүргэсэн билээ. Саатуулагдахаасаа өмнө ч эсэргүүцлээ илэрхийлж, удаа дараа мэдэгдэл хийж байсан Н.Энхбаяр өнгөрөгч баасан гаригаас эхлэн хуурай өлсгөлөн зарлах болсон. Ингээд 35 цаг гаруй хуурай өлсгөлөн зарласны улмаас биеийн байдал муудсан тул МАХН-ын даргыг өчигдөр 21.00 цагийн орчимд Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг рүү шилжүүлсэн юм.
Тэгвэл, түүний хүү Э.Батшугар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Удвал тэргүүтэй намын бусад гишүүд нь үүсээд буй нөхцөл байдал болон түүний биеийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Э.Батшугар ШШГЕГ-ын дарга М.Ганхүүд хаяглаж, өргөдөл гаргасан тухайгаа дуулгав. Өргөдөлд “Миний аав хоол идээгүй 72 цаг болоод байна. Мөн хуурай өлсгөлөн зарлаад 51 цаг болж байна. Би аавыгаа хүнээр дамжлуулан явааг хоёр дахь удаагаа харлаа. Шударга ёсны төлөө амиараа дэнчин тавьж байгаа аавынхаа зоригоор бахархаж байна. Аавтай минь уулзуулж өгөөч” гэжээ. Өргөдлөө уншиж дуусуут тэрбээр “Надад нэг минут ч гэсэн үнэтэй байна. Тиймээс би ШШГЕГ-ын даргад өргөдлөө хүргэж өгөхөөр явлаа” гэсээр хурлыг орхин гарсан юм.
А.ТӨМӨР
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )