МАХН-ын дарга Н.Энхбаяр ухаангүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

 

Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  эсэргүүцлийн хуурай өлсгөлөн зарлаад 76 цаг болж байна. Түүнийг албадан эмчилгээнд  оруулахаар хорих 461-р анги руу бямба гарагийн оройн 20:00 цагийн үед шилжүүлсэн ч одоо хүртэл албадан эмчилгээг эхлүүлээгүй байгаа аж. Учир нь албадан эмчилгээг эхлүүлэхийн тулд гэр бүлийнхнээс нь зөвшөөрөл авдаг бөгөөд зөвшөөрлийг гэргий О.Цолмон, хүү Ш.Батшугар нараас аваагүй гэнэ.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг уржигдар экс Ерөнхийлөгчид үзлэг, шинжилгээ хийсэн.   Шинжилгээгээр түүний цусан дахь билирубины хэмжээ ихэсч, үхэлд хүргэж болзошгүй хэмжээнд хүрээд байна. Цусан дахь билирубины хэмжээ 0-17 мкмоль/л байхад хэвийн гэж үздэг бол  Н.Энхбаярынх бямба гарагийн өдөр 35 мкмоль/л, ням гарагийн орой 51 мкмоль/л  байжээ. Өөрөөр хэлбэл МАХН-ын дарга Н.Энхбаяр ухаангүй байгаа бөгөөд  хэрвээ унтах юм бол эргэж сэрэхгүй гэж  эх сурвалж мэдээллээ. Хэрвээ экс Ерөнхийлөгчид эмчилгээ хийх бол эхлээд гуравдугаар шатлалын буюу нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх ёстой гэнэ.

Дөнгөж сая  ирсэн мэдээллээр АТГ-аас  Н.Энхбаярын эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар нарт Н.Энхбаяртай уулзах зөвшөөрөл өгчээ.  Н.Энхбаярыг хоригдсоноос хойш анх удаа гэрийнхэнтэй нь уулзуулах гэж байгаа нь энэ юм. Хэдийгээр зөвшөөрөл гарсан ч Н.Энхбаярын гэр бүлийнхэн буюу эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар нарын гар дээр зөвшөөрөл ирээгүй аж. Тиймээс Н.Энхбаярын гэргий О.Цолмон, хүү Э.Батшугар нар уг зөвшөөрлийг авахаар АТГ руу явж байгаа юм байна.  

.

А.Баярмаа

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top