МАХН-ынхан төрийн гурван өндөрлөгт хандлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

Өнөөдөр 11 цагаас МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва Н.Энхбаярын биеийн байдлын талаар МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МУ-ын ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт танилцуулгыг хүргүүлж яаралтай суллахыг хүссэн байна. Төрийн өндөр дээд албан тушаалтнуудад хүргүүлсэн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ТАНАА

Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч,
МАХН-ын дарга Н. Энхбаярын
эрүүл мэндийн байдлын талаар

Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н. Энхбаярыг улс төрийн зорилгоор, илтэд гэмт хэргийн шинжгүй үйлдэлд сэжиглэн, хууль зөрчин хүнлэг бус, хэрцгий балмадаар баривчлан хорьсноос хойш 24 хоног өнгөрлөө. Тэрээр энэ сарын 4-ны өдрийн 10 цаг 40 минутын орчмоос эхлэн улс төрийн өлсгөлөн зарлаад 72 цаг болж байна.
Түүний биеийн байдал цаг минутаар хүндэрч аюултай байдалд орж байна. Үүнд:
1. Өлсгөлөн зарласнаас хойш 21 цагийн дараах шинжилгээнд элгэний үйл ажиллагааны алдагдалыг тодорхойлдог үзүүлэлт болох билирубины хэмжээ 35, (хэвийн хэмжээ 17) байсан бол 34 цагийн дараах шинжилгээнд 51 болсон нь элэгний өөрчлөлт гүнзгийрэн дутагдалд орох дохио болж байна.
2. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын томилсон эмч нарын багийн үзлэг өлсгөлөн зарласнаас хойш 24 цагийн дараа хийгдсэн бөгөөд тэр нь зөвхөн асуумж гадаад үзлэгийн хэлбэрээр хийж ерөнхийлсөн анхан шатны шинжилгээгээр үндэслэсэн гэхэд элгэний үйл ажиллагааны алдагдал, уушгины архаг эмгэгийн сэдрэл, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн дутагдал, зүрхний булчингийн эс, эдийн задрал, бөөрний үйл ажиллагаанд эмгэг шинж илэрч байгааг нотлон амь насанд аюултай байдалд хүрч байгаа тул яаралтайгаар төрөлжсөн нарийн мэргэжилийн эмнэлэгт шаардлагтай эмчилгээг эхлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Үүнээс хойш 47 цаг болж байна эмгэг өөрчлөлт улам гүнзгийрч байна.
3. Н. Энхбаяр урд нь цөс чулуужих өвчнөөр удаан хугацаагаар өвдөж мэс засал хийлгэсэн ба энэ өвчний урхагаар элэгний архаг үрэвсэл, хатуурал явагдаж байгаа мөн уушгины архаг үрэвсэл, амьсгалын архаг дутагдалтай зэрэг нь биеийн байдал эрс муудах хүндрүүлэх нөхцөл болж байна.
4. Өлсгөлөн зарлаж эхлэхэд түүний бие махбодын хордлогыг багасгах зорилгоор цэвэрлэх клизм тавих ёстой атал клизмийг өлсгөлөн зарласнаас хойш 19 цагийн дараа тавьсан нь бие махбодид богино хугацаанд хордлого явагдахад нэмэр болсон байх үндэстэй.
Дүгнэн хэлэхэд: Н. Энхбаярын яриа удааширч нойрмогдуу байдалтай, арьс салст шарлалттай хэл хуурай, уруул омголтсон, арьс хуурайшсан, шээс ховордсон зэрэг нь эмгэг байдал гүнзгийрэн элэгний дутагдал, тархи, зүрхний алдагдал эхэлж комийн байдалд орох аюулын шинж юм. Энэ байдал нь түүний биеийн байдал хүндэрч үхэлд хүрэх аюулын дохио болж амь насыг нь аврах үүднээс маш яаралтай төрөл нарийн мэргэжлийн эмнэлэгт эрчимт эмчилгээнд оруулах шаардлагатай болж байна.

МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагва

А.ТӨМӨР

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top