Э.Батшугар захидал илгээв

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, СБД-ийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, ШШГЕГ-ын дарга М.Ганхүү, УЕП Д.Дорлигжав, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг нарт захидал хүргүүлжээ. Уг захидалдаа “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2012 оны тавдугаар сарын 4-ний 10.00 цагаас эхлэн хуурай өлсгөлөн зарлаж эхлээд даруй 72 цаг гаруй буюу бүтэн гурван хоног болж байна.

Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын 1999 оны А/26.10 тоот хамтарсан тушаалын хавсралтад дурдсанаар бүрэн өлсгөлөн зарласанаас хойш 3-6 хоногт үхэлд хүргэх аюултай байдаг гэж заасанчлан шийдвэр гүйцэтгэлийн болон бусад хууль хяналтын холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авах үүргээ биелүүлэх шаардлагатай байна.
Төрийн тусгай хамгаалалтад байдаг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн, эрчимт эмчилгээнд оруулах тухай шийдвэр гаргахыг хүсч байна.

Энэхүү хүсэлт шаардлага нь хууль зүй, Монгол төрийн уламжлал, ёс зүйн хувьд ч, урьд нь адил төстэй тохиолдлыг шийдвэрлэж байсан жишиг зэргийг харгалзан үзэж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч асан хүн бүрэн өлсгөлөн зарлаж эхэлснээс хойш гурав хоног өнгөрч байгаа нь түүний амь нас эрсдэх ноцтой, бодитой аюулд хүрээд байгаа тул түүнийг эрчимт эмчилгээнд оруулахыг хүсч байна.

Төрийн эрхшээлд буй монгол иргэний амь нас, эрүүл мэндэд засаж үл болох хор уршиг учирсан тохиолдолд Монголын төр, тэр дундаа хууль зөрчин, шударга бусаар баривчилсан, өлсгөлөн зарласан шаардлагыг үл тоомсорлосон албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг бид шаардах болно” гэжээ.

А.ТӨМӨР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top