Амьтны амь таслахгүй байхыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07


БОАЖ-ын сайд Д. Цогт-баатар, Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, их хамба Д. Чойжамц нар иргэдэд хандаж гөрөөсний цус уух нэрийн доор амьтны амь хороохгүй байхыг уриаллаа.  Гөрөөсний тоогоо цөөлөхгүй байх нь манай улсад ихээхэн ашигтайгаас гадна хүн, амьтан байгаль дэлхийтэйгээ уялдаа холбоотой байдаг билээ. Иймээс монголчууд бид амнаас ам дамжин яригддаг гөрөөсний халуун цус уухаа зогсоох цаг ирсэн бололтой. Амьтны амь таслахгүй байх уриалгыг  бүрэн эхээр нь хүргэж байна.

Хаврын урин дулаан улирал ирж, амьд байгаль сэргэж эхэлдэг энэ цагаар манай зарим иргэн гөрөөсний цус уух нэрийдлээр амьтны амь хороох муу үзэгдэл их гардаг боллоо.

            Амьтны цусыг шууд ууснаар тухайн амьтны шимэгч болон вирус хүнд дамжиж халдварт өвчин үүсгэн, бие организмыг огцом цочроож, ухаан балартах, ямар нэгэн суурь өвчин сэдрэх, улмаар амь насаа алдах зэрэг эрсдэлтэй юм.

            Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, өөрсдөө тэрхүү байгалийн эд эс, нэг бүрэлдэхүүн гэж ойлгон, амьтны амь хороохыг тэвчдэг байсан уламжлал эвдэгдэн, дээрх үзэгдэл улам бүр газар авч байгаа нь харамсалтай. Энэ нь “Амьтны амийг хайрлан, амь насыг аврах нь урт наслах, өнгө зүс сайжрах, бусдын хайр хүндэтгэлийг хүлээхийн шалтгаан болно” хэмээсэн Бурхан багшийн сургаалын эсрэг үйлдэл билээ.

            Амьтны цусыг шууд уух нь хүний эрүүл мэндэд сайн нөлөөтэй талаар шинжлэх ухааны ямар ч нотолгоо байхгүйг ойлгон,

            Ард иргэд амьтны цус уун өвчний халдвар авахаас сэргийлэн,

            Аливаа амьд бодгалийн амийг тасалж үл болох бурхны сургаалыг сахихыг эрхэмлэн,

            Хууль бус ангийн хэрэгт холбогдон өөрийгөө хохироогүй байхыг чандлан захиж, энэхүү Уриалгыг ард иргэдэдээ хандан гаргаж байна.

            Дэлхийн хүн бүр өөрийн амьдарч буй нутаг орноо хайрлаж, хойч үедээ үлдээхийн тулд экосистемийн бүрдэл хэсгийг бүхэлд нь хамгаалахыг чухалчилдаг. Амьтны алтан амийг бүрэлгээд өөрөө хариуд нь аз жаргалтай амьдарна гэдэгт огт боломжгүй бөгөөд үйлийн үрийн сургаалд харшилсан буруу ойлголт болой.

            Эцэст нь аливаа амьтныг хөнөөснөөр экосистемийн гинжин хэлхээнд сөргөөр нөлөөлж эокологийн доройтолд хүргэдгийг сануулж байна.

Хүрээлэн буй байгаль дэлхий бол таны ээж юм. Эх байналийнхаа эд эс бүхнийг хайрлан хамгаалж, шүтэн тахиснаар та харин илүү эрүүл чийрэг, саруул тунгалаг болно гэдгийг санахтун!

 Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top