Н.Энхбаярын өмгөөлөгчийн гомдлыг шүүх хүлээж авсангүй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

Өнөөдөр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн шүүхэд "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 199.2 сэжигтэн яллагдагчийг цагдан хорих тухай хуулийн 28-д заасныг зөрчлөө" гэдэг үндэслэлээр гомдол гаргасаныг шүүх  хүлээж авсангүй. Өмгөөлөгчийн гомдлыг шүүх хэлэлцэж байх энэ үед МАХН-ын гишүүд, дэмжигчид нийлсэн 200 гаруй иргэд Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна талбайд цугларсан байлаа. Шүүх хурлыг сэтгүүлчдэд хаалттай хийж удтал хүлээлгэсний эцэст өмгөөлөгч О.Баасанхүү, н.Оюунбилэг нар гарч ирсэн юм.  Шүүхээс гаргасан шийдвэрийн талаар Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүгээс тодрууллаа.

Гаргасан гомдолд чинь шүүх ямар хариу өгөв?

Өмгөөлөгч нарын хувьд  эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 199.2 сэжигтэн яллагдагчийг цагдан хорих тухай хуулийн 28-д заасныг зөрчлөө гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Харамсалтай  тэр гомдлыг хүлээж авсангүй.

Шүүхээс яг ямар тайлбарыг тавьж байна вэ?

Тайлбараа яг тодорхой үндэслэлтэй тавьж чадсангүй гэж бид үзэж байна. Цагдан хорих хуулийн 28-д тухайн газар хоригдож байгаа хүнийг мөрдөн байцаалтанд оролцуулахын тулд хоригдож байгаа газрын хянагчтай хамт байцаалтын өрөөнд дуудаж авчирна гэсэн хуулийн заалт байгаа. Гэтэл харамсалтай нь сая прокурор ч гэсэн хэлж байна. 199.2 дээр угаасаа яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахын тулд эхлээд биеийн байцаалтыг нь авна дараа нь ямар хэрэгт яллагдагчаар татсан тухай тайлбарлан мөн нэн даруй мэдүүлэг авна гэсэн байдаг. Гэтэл эд нарын алыг нь ч хийлгүйгээр зүгээр камерт нь орж уншсан бичгийг өмгөөлөгчидтэйгээ хамт үзлээ. Мөн үүнийг хууль бус байна гэж хэлсэн. Мөн дээрээс нь бид нар гомдоллоосоо гадна хүсэлт тавьсан. Тэр нь юу вэ гэвэл хар буюу хуурай өлсгөлөн зарласан байгаа энэ тохиолдлыг  шүүгчийн гаргасан  захирамж нь хууль ёсны байна гэж дүгнэлээ. Харин ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаж байгаа бол тэрийгээ жичтэй гарга гэж байна.

 Шүүхийн шийдвэр болон аавийнх нь биеийн байдлын талаар Экс ерөнхийлөгчийн хүү Э.Батшугараас асуухад?

Нэгдүгээрт аав өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Яагаад өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ вэ гэхээр хорьж байгаа утга нь хууль бус юм.  Зүгээр мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр хорьсон. Мөрдөн байцаах үйл ажиллагаа одоо дууссан учраас үргэлжлүүлэн хорих хэрэг байхгүй юм.  Хоёрдугаарт хорьж байх хугацаандаа байцаалт авах ёстой байсан юм байна. Гэхдээ байцаалт аваагүй. Хоёр удаа өмгөөлөгчийг нь байхгүйд байцаалт авах гэж оролдсон гэнэ. Тийм л сүүлийн мэдээлэл байна.

Биеийн байдал нь ямар байна вэ?

Мэдээж сайнгүй байгаа. Ус уухгүй, хоол идэхгүй, ямар нэгэн байдлаар эм тариа хийлгэхгүй байгаа.

Шүүхийн шийдвэрийг юу гэж дүгнэж байна вэ?

Шүүхийн  шийдвэрийн дүгнэлтийг угаасаа хүмүүс хийнэ байх. Одоогоор шийдвэр гаргаагүй байна гээд тэрээр Сүхбаатар дүүргийн шүүхээс нүдэндээ нулимстай буцлаа. Харин тэнд цугласан МАХН-ын дэмжигчид шүүх шудрага биш байна хэмээн тус шүүхийн хаалгыг цохилон эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

А.Төмөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top