Сүүлийн үед улс төрийн тогоонд буцлаад байгаа экс Ерөнхийлөгч Н. Энхбаяр болон эсрэг талын нөхдийн хийгээд байгаа үйлдлүүдээс харахад усанд живж байгаа хүн өвсний үзүүрээс шүүрэх гээд үхэн хатан амь тавин зүтгэж буй мэт сэтгэгдэл төрүүлж байна.
Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэн боловч, хаана байхаасаа үл хамааран сонгох, сонгогдох эрхтэйн үүднээс харвал экс Ерөнхийлөгч маань шоронгоос сонгогдох бүрэн магадлалтай. Гэвч мэдээж, эсрэг талынхан үүнийг зүгээр л харж сууж байгаад сонгуулчихгүй нь лавтай.
Эх сурвалжаас авсан мэдээллээр Н. Энхбаяртай холбоотой хэрэг прокурорт шилжиж буй сурагтай. Прокурор хянаж үзээд мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй гэж үзвэл 14 хоногийн дараа шүүхэд шилжих ёстой. Иймэрхүү маягаар энэ хэргийн шийдэгдэх үйл явц “Гитлерийн цахилгаан дайны төлөвлөгөөгөөр” өрнөвөл тун удахгүй шүүхийн тогтоол уншигдах нь магад. Энэ тохиолдолд экс Ерөнхийлөгчийн маань их хуралд сонгогдох шаанс нилээн бүдгэрэх байх. Тэгээд ч хэрэв нэр дэвшигчээр СЕХ-нд бүртгүүлж чадсан тохиолдолд нэр дэвшигчийн баталгаа гэсэн ойлголттой холбоотой процедурын зөрчил гараад ирэхийг үгүйсгэх аргагүй.
Н. Энхбаярын зүгээс сүүлийн өдрүүдэд хийж буй улс төрийн тэмцлийн хурц хэлбэр болох хуурай өлсгөлөн зарласан явдал, мөн эсрэг талынхны зүгээс хэргийг прокурорт шилжүүлэхээр яаравчилж байгаа зэргээс ажиглахад аль аль нь эцсийн шатны арга хэмжээндээ орж үхэх сэхэхээ үзэлцэхээр шийдсэн бололтой.
Өрнөж буй үйл явцын талаар нийгмийн хандлагаас харахад дараах дүгнэлтэнд хүрч байна.
Экс Ерөнхийлөгчийн хувьд эсрэг талынхны хийх гэж буй үйлдлийг мэдрээд хуурай өлсгөлөн зарлан, амь насаараа дэнчин тавьж байна. Тэртэй тэргүй үхэхээс наахнуур тэмцэж байгаад ч болов эрх мэдэл олж авахгүй бол цаашид насаараа шоронд хатан бараг л “үхсэнтэй” ялгаагүй болох нь ойлгомжтой. Тиймээс одоогийн энэ рисктэй тэмцэлд алдаад байх зүйлгүй, нэг бол үхнэ, эсвэл сэхнэ. Өнөөгийн байдлаар нийгмийн чиг хандлагыг ажиглаж байхад хэрэв Н. Энхбаяр ямар ч аргаар хамаагүй нэрээ дэвшүүлж чадвал сонгогдох магадлал маш өндөр, бараг л “ард түмний баатар” болчихоод байгаа.
Нөгөө эсрэг талынхны хувьд, ямар аргаар ч хамаагүй Н. Энхбаярыг нэр дэвшихэд нь саад хийхгүй бол эргээд өөрсдөө нугаслуулж, Төв аймгийн шоронд шидэгдэхээ сайн мэдэж байгаа. Авлигын “загалмайлсан эцэг”-ийн араанд нэг л зуугдсан бол тэгээд л өнгөрөө, тэдний но-фактыг бүгдийг мэдэж байгаа. Энэ утгаараа нөгөө талынхан “араатны хаан арсланг” торноос нь чөлөөлөхгүйн тулд үхэн хатан зүтгэх нь мэдээж.
Эцсийн дүндээ хүчирхэг улс төр, бизнесийн акулуудын “хүч тэнцвэргүй” тулаан өрнөж байна. Аль нь ч ард түмэнд хайртайдаа биш, ашиг сонирхлынхоо төлөө л тэмцэлдэж байгааг сайтар ойлгоосой гэсэн чин хүслийн үүднээс үүнийг тэрлэв.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )