Оросууд Мардайн уран, Тавантолгойн орд, төмөр зам зэрэг хэд хэдэн томоохон асуудал дээр өөрийн ашиг сонирхлоо эртнээс илэрхийлж байсан хэдий ч экс Ерөнхий сайд С.Баяр тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа хоёр орны Цөмийн энергийн газруудыг гэрээ хэлцэл хийлгүүлж бараг л бүх уранаа өгчих бололтой юм ярьж байсан хэдий ч гол гаргасан билээ. Түүний дараа Ерөнхийлөгч болсон Д.Медведев Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан айлчлалын үеэр уулзахад мөн л таагүйхэн хариу авч нутаг буцсан гэдэг. Ийнхүү Орос, Монголын харилцаа тун хүйтэрч, харин АНУ, Хятад зэрэг улсуудтай Монголын улс төрийн цаг агаар дулаарч эхлэв. Эдүгээ “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвийн эмнэлэгт бие нь муу байгаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа буюу 2004 он гардаг Шинэ жилийн өмнөхөн Орост төлөх их өрийг тэглэсэн тухайгаа ард түмэнд дуулгаж байсан. Их өр тэглэснийг бодоход энэ хүн Монголынхоо төлөө их юм хийжээ гэж ойлгож болох талтай. Нөгөөтэйгүүр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувьд орос школтой орчуулагч Н.Энхбаяртай учраа олоход амар байсан гэдэг.
Тэгээд ч экс Ерөнхийлөгч оросуудад элэгтэй хандаж өнөөгийн хэл ам татлаад байгаа байгалийн баялаг тойрсон асуудал ба төмөр зам тойрсон ээдрээтэй явдлууд энэ хүнийг дахин Ерөнхийлөгч болсон бол Орост ашигтайгаар эргэж мэдэхээр байв. Одоо ч гэсэн Оросын сонирхол буураагүй байгаа бөгөөд хүсвэл Ерөнхийлөгч В.Путин Н.Энхбаярын аминд орж түүнийг ганцхан утасдаад л шоронгоос суллуулж чадах хүн юм. Дэлхийд өөр хэн ч Н.Энхбаярыг тоож, Ц.Элбэгдоржид хандан “Наадхаа сулла” гэж ам бардам хэлэх нь юу л бол. Түүнийг сонгуулийн өмнө суллаж, намыг нь сонгуульд ялуулж, дахин Ерөнхий сайд болгох аваас оросуудад л ашигтай. Эрхбиш В.Путины зөвлөхүүд энэ талаар Ерөнхийлөгчдөө хэлж ярьж байгаа болов уу. Учир юун гэвэл Орост төлөх их өрийг тэглэхээс өмнөхөн С.Зоригийн аллагад холбогдуулан тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр Тагнуулын ерөнхий газрын даргад үүрэг өгснөөр Сөрөх тагнуулын газрын дарга Батын Хурц гурван тагнуулчийн хамт Францыг зорьж McDonald’s-ын үүдэн дээрээс Дамирангийн Энхбатыг баривчилж машинаар Бельгиэр дайрч, Герман хүрээд одоогийн МАХН-ын дэд болсон Д.Тэрбишдагвыг тухайн үед Элчин сайд байхад Элчингийн байрны хонгилд Д.Энхбатыг хорьж байсан бөгөөд улмаар Берлин-Улаанбаатарын чиглэлийн онгоцонд ухаан балартуулагч үнэртүүлэн хууль бусаар хил давуулан авчирсан билээ. Үүнээс хойш олон жилийн дараа буюу 2010 оны есдүгээр сард Английн “Хитроу” нисэх онгоцны буудал дээр газардсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Хурцыг Английн тусгай албаныхан албадан саатуулсан хэрэг мандав. Түүнийг 2003 онд Францад цагаачлаад байсан иргэн Д.Энхбатыг хууль бусаар хил давуулан гаргасан хэрэгт буруутгаж улмаар Английн шоронд зургаан сар орчим хорьж, хэд хэдэн удаа шүүх хурал хийсний эцэст 2011 оны хоёрдугаар сард Германы талд хүлээлгэж өгсөн байдаг.
Гэтэл Германы Канцлер Ангела Меркель үүний дараахан Монголд айлчилж УИХ-ын гишүүн Л.Гүндалайд үнсүүлээд, Тавантолгойтой холбоотой Siemens корпорацийн гэрээг хийлгэж, хэд хэдэн ашигтай гэрээ хэлцэлд мөн гар, хөлийн үсэг зуран сэтгэл өндөр нутаг буцсаны дараахан Б.Хурцыг ямар ч асуудалгүй нутаг буцаасан билээ. Үүнээс харахад Б.Хурцыг эх оронд нь авчрахын тулд Монгол улс ямар их зүйл золиослосон бэ гэдэг нь тодорхой. Магадгүй нэг талаараа энэ нь тусгай алба гүйцэтгэж буй хүмүүсийн итгэл, үнэмшлийг хадгалах гэсэн төрийн бодлого байсан ч байж болох. Нөгөөтэйгүүр, Н.Энхбаярын даалгавраар Д.Энхбатыг баривчлахаар явсан гэх Б.Хурц Английн шоронд сууж байхдаа юу эсэхийг бодох билээ. Мэдээж бурууг тэр өөрөөсөө хайгаагүй нь лавтай. Тиймээс АТГ-ын дарга болуут хуульд захирагддаггүй Н.Энхбаярыг албадан баривчлах тушаал өгөх нь түүний хувьд нэг ёсны өшөө авалт байсан гэлтэй. Мэргэжлийн тагнуулчдын дунд Островский хэмээх нэрээр алдаршсан Батын Хурцыг юуны учир Оросын нэрт зохиолчийн нэрээр дуудах болсон нь сонин. Бид “Болд хэрхэн хатаагдсан нь” гэх зохиолыг бага байхын л уншиж, киног нь хүртэл үзэж байсан. Тэгвэл Б.Хурц нь Островскийтэй адилхан төрхтэйдээ ийм нэр аваагүй. Харин түүний зохиолын гол баатрын болд шиг хатуу ,чанга нөхөр гэсэн утгаар л ийнхүү дуудуулах болжээ. Энэ бүхнээс харахад, Монголын төр хэрэгтэй хүнээ ямар ч намгаас татаж гаргадгийг та бид харж байна. Тэгвэл Оросын төрийн тэргүүн В.Путин Орост хэрэгтэй гэж үзвэл Н.Энхбаярыг тэрхүү намгаас татаж гаргах цорын ганц хүн гэдгийг дахин дахин хэлэхийг хүсч байна.
Х.Балт (www.wikimon.mn)
Сэтгэгдэл ( 0 )