Манай улсад 71,579 аж ахуйн нэгж үйл ажилагаа явуулдагаас 39,764 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг ажээ. Үүнээс 80 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бөгөөд улсын нийт татварын 3-5 хувийг бүрдүүлдэг бол үлдсэн хувийг том аж ахуйн нэгж бүрдүүлдэг байна.
Тэгвэл манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг жижиг, дунд, том гэж ангилах нь зохистой гэдгийг Сангийн сайд Хаянхярваагаар ахлуулсан мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүллээ.
Олон улсад аж ахуйн нэгжийг бичил, жижиг, дунд, том гэж ангилдаг байна. Бичил аж ахуйн нэгж-1-19, жижиг 20-49, дунд 50 болон түүнээс дээш, том-500 болон түүнээс дээш ажилчинтай байдаг ажээ. Харин өнөөдөр хэлэлцүүлэгдэж байгаа шинэ ангилалд жижиг, дунд гэж ангилаад, ажилчдын тоо, орлогын хэмжээгээр ангилах нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү шинэ ангилалаар малчид жижиг, дунд үйлдвэрлэгч гэсэн ангилалд багтах гэнэ.
Улмаар асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэх зүйтэй гэж үзлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )