Намуудыг бүртгэх эсэхийг тав хоногт багтаан шийдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

 

 

 Улс төрийн нам, эвслүүд Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд оролцох  хүсэлтээ   Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд  албан ёсоор илэрхийлж байна.

Өнөөдрийн 13 цагийн байдлаар 8 нам, 2 эвсэл  сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ хавсралт бүхий баримт бичгийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус хүлээлгэн өгөөд байна.

Хуульд заасны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвсэл нь  төлөөллийн  байгууллагын шийдвэр, тухайн нам  буюу эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нам, эвслийн сонгуулийн  батлагдсан мөрийн хөтөлбөр, түүнийг хуульд заасан төсвийн шаардлагад нийцэж байгаа эсэх талаар гаргасан төрийн аудитын байгууллагын дүгнэлт, сүүлийн нэг жилийн хугацаанд тухайн нам буюу эвсэлд нэгдэн орсон намуудад иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан, нам, эвслийн сонгууль эрхлэх төв байгууллагын нэр, түүний бүрэлдэхүүн, байрлах газрын хаяг, харилцах утасны дугаар зэргийг агуулсан мэдээлэл зэрэг баримт бичгийг хавсаргаж өгөх ажээ.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо  дээрх баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаад  тэдгээрийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан  тухайн нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэрээ гаргана.

Энэ сарын 9-ний өдрөөс өмнө  Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн  нам, эвсэл  Улсын Их Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлж улмаар хуульд заасан холбогдох баримт бичгээ бүрдүүлж Сонгуулийн Ерөнхий Хороонд бичгээр албан ёсоор хүлээлгэн өгөх ёстой билээ  гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top