Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос нэг жилийн өмнө "Туул гол" ажлын хэсгийг байгуулсан байна. Уг ажлын хэсэгт 20 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд нэлээд олон газарт очиж байдалтай танилцжээ. Энэхүү ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд сэтгүүлчдэд нээлттэй болж байна. Ажлын хэсгийнхэн Туул гол таван газар тасарсан болохыг хэллээ.
Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй гэнэ. Тодруулбал хайргыг зөөж, модыг нь ихээр тайрч байгаа нь хамгийн их нөлөөлсөн байна. Тиймээс хайрга олборлож байгаа цөөнгүй газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг МХЕГ-ын төлөөлөгч хэллээ. Мэргэжлийн хяналтын газрын албаны дарга: 14 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцалсан. Нөхөн сэргээх үйл ажиллаагаа явуулаагүй тул энэ ондоо багтаан торгууль оногдуулах болон бусад арга хэмжээг хуулийн дагуу авна гэлээ.
Туул гол татарсанд нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь хүн амын төвлөрөл, дэлхийн дулаарал бөгөөд хотоос зайдуу үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлүүд юм байна. Тэд дураараа гүний худаг гаргаж усыг зохисгүй хэрэглэж байгаа гэдгийг усны “мэргэжилтнүүд” онцолсон. Мөн жил бүрийн 4-5-р сард голын ус татарч, иргэдийн усны хэрэглээ нэмэгддэг нь Туул ширгэх нэг үндэс болжээ.
Туул голыг дуунд гардаг шиг хэвийн урсгалтай болгоход усан боомт байгуулах шаардлагатай бөгөөд үүнд хамгийн багадаа 4 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Хөрөнгө мөнгийг нь шийдээд өгвөл Туул гол найман жилийн дотор хуучин хэвэндээ орох ажээ.
Бид Туул голын эрэгт элс хайрга олборлосон барилгын компаниудын нэрсийг тун удахгүй зарлах болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )