Н.Энхбаяр гадны хуулийн фирмүүдийг хөлслөв үү

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08


 

Н.Энхбаяр өлсгөлөн зарласнаараа Монголын нийгмийн анхаарлыг татаж чадсан төдийгүй гадагшаа ч мэдээлэл цацаж байна. МАХН-аас Монгол улс улс төрийн хоригдолтой болсон мэтээр мэдээлж байгаа. Өлсөж байгаа Н.Энхбаяр зүгээр суухгүй байгаа нь доорх зүйлээс ойлгогдох болно. Дэлхий дахинд төлбөрийн өртөг нь хэдэн сая доллараар хэмжигддэг “Дэбэвойсе”, “Фламптон” зэрэг хуулийн фирмүүдийг хөлслөн хөдөлгөж байгаа гэнэ. Уг хуулийн фирмээс Английн ерөнхий прокурор асан лорд Голд Смит гэгч тэтгэврийн хөгшнийг Монгол руу илгээсэн сурагтай.

Үүний цаана мэдээж Н.Энхбаярыг эрх мэдэлтэй байх үед түүнээс ашигт малтмалын лиценз авч байсан хүмүүс байгааг эх сурвалж тодотгож байна. Ер нь Н.Энхбаяр маш чадварлаг тоглож байгаа. Өрөвдүүлэхийн тулд өргүүлж гарч, ялаас мултрахын тулд өлсгөлөн зарлаж, цаг хожихын тулд эхнэр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй хэмээн гөжүүдэлж, олон арга хэрэглэж байгаа. Хамгийн аймаар нүүдэл нь хэтэвч хуйвалдаанаараа нэгдсэн “хөөрхий” Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг хөлдөө чирнэ хэмээн айлгаж байгаад намаас нь гаргаж дөнгөсөн явдал.

Түүнээс биш Ч.Улаан шиг хүн хэзээ ч энэ намаас холдож алийгаа алдахыг хүсэхгүй. Яг энэ аргаараа түүнээс ашигт малтмалын лиценз авч байсан гадны бусармаг бизнесменүүдэд хандсан  болов уу. Түүгээр ч үл барам охин хүү хоёроороо дамжуулан Америкийн уул уурхайн бизнес эрхлэгчид рүү захидал бичүүлж байгаа гэнэ. Тэд Н.Энхбаярыг авч хоцрохгүй бол лицензээ алдана гэсэн айдаст автсаныг ч үгүйсгэх аргагүй. Ямартаа ч гадаадын улс дамжсан бизнесийн бохир бүлэглэлүүд түүнийг шоронгоос мултлахгүй бол олон сая доллараа алдана гэдэг болгоомжлолд орсон бололтой.

 

Д.Ганболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top