Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд баяр хүргэн захидал илгээв

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд тавдугаар сарын 7-нд баяр хүргэн захидал илгээв. Захидалдаа “Оросын Холбооны Улсын Төрийн тэргүүний албан тушаалд сонгогдон, Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

 

            Оросын ард түмний Танд үзүүлж буй итгэл нь төрийн зүтгэлтний хувьд Таны нэр хүнд, ажил үйлсийг өндрөөр үнэлж хүндэтгэж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна.           

Та өндөр мэдлэг боловсрол, улс төрийн арвин баялаг туршлагадаа тулгуурлан Оросын Холбооны Улсын олон улсын байр суурийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт бат итгэлтэй байна.   

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын уламжлалт сайн хөршийн түншлэлийн харилцаа цаг хугацааны сорилтыг итгэл төгс туулсныг энэ өдөр цохон тэмдэглэж байна. ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар байх болно. 

            Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа манай ард түмнүүдийн эрх ашигт нийцэн Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлын тусын тулд цаашид ч хөгжинө гэдэгт итгэлтэй байна.  

            Монгол, Оросын ард түмнүүдийн эрх ашиг, тусын тулд Тантай хамтран ажиллах болсондоо нэн тааламжтай байгаагаа дахин илэрхийлье. 

            Энэ ялдамд Аугаа их Эх орны дайны ялалтын 67 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, найрсаг оросын ард түмэнд хөгжил цэцэглэл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top